17 настай хүүгийн бүтээсэн сайт гайхалтай амжилтад хүрчээ

Интернет болон түүний олон зуун сая хэрэглэгчид асар том зах зээл, мөнгө олох боломжийг агуулж байгаа нь маргашгүй үнэн билээ. Энэ боломжийг ашиглахын төлөө олон олон шинэ санаа, шийдэл цаг үргэлж урган гарч байгаа боловч амь өрссөн гэмээр ширүүн өрсөлдөөнд тоотойхон хэд нь тэсч үлдэн, өөрийн гэсэн орон зайгаа эзэлдэг. Гэтэл хэний ч санаанд ороогүй, хэн ч бодож төлөвлөж байгаагүй энгийн санаа амжилтад хүрсэн тохиолдол цөөнгүй байдаг. Үүний нэг жишээ болох нэгэн сонирхолтой вэб хуудас бүтээсэн 17 настай орос хүүгийн тухай мэдээлэл Нью-Иорк таймс сонинд нийтлэгдсэн байна.

Москва хотын нэгэн сургуулийн ахлах ангийн сурагч жирийн нэгэн өсвөр насны хүү Андрей Терновский найзуудтайгаа скайпаар дамжуулан вэб камер, микрофон ашиглан харилцах дуртай байжээ. Гэтэл зөвхөн найз нартайгаа харилцах нь уйтгартай санагдаж зүгээр л зугаацах зорилгоор өөр бусад үл таних хүмүүстэй харьцаа тогтоох нэгэн жижигхэн вэб сайтыг өнгөрөгч 11-р сард бүтээсэн байна. Уг сайт нь AOL зэрэг вэб камер бүхий уламжлалт чатуудтай төстэй боловч ямар нэгэн хүнтэй санамсаргүй байдлаар интернетээр дамжуулан нүүр нүүрээ харж харилцах боломжийг олгодог юм. Түүнд анх сайт бүтээхэд олон саад бэрхшээл тулгарч байсан боловч аавынхаа дэмжлэгээр 11 наснаасаа интернет сонирхож, код бичиж эхэлсэн нь тус болсон байна.

Гэтэл түүний сайтыг хэрэглэгчдийн тоо санаанд оромгүйгээр эрчимтэй нэмэгдэж эхэлсэн бөгөөд программ хангамж болон техник хангамж нь хэрэглэгчдийн тооны өсөлтийг гүйцэхээ больж сэрвер ашигласны төлбөр ч нэмэгдэж эхэлсэн байна. Вэб хуудасны ачаалал нэмэгдэхийн хэрээр код нэмж бичих шаардлагатай болсон нь түүнд хүндрэлтэй байсан боловч олон шинэ зүйл нээж, олон асуудлуудыг шийдвэрлэж байсан нь түүнд эргээд сонирхолтой санагдаж эхэлсэн байна. Мөн төрөл садангууд нь багахан хэмжээний хөрөнгө оруулалт хийж шинэ сервер худалдаж авахад тусалжээ.

Chatroulette хэмээх түүний веб сайт одоогоор германы Франкфурт хотод байрлах секундэд 7Гб хурд бүхий хамгийн шилдэг 7 серверийг ашиглаж байгаа бөгөөд нэг шөнийн дотор л гэхэд 20 мянган хүн холбогддог болсон байна. Тэрээр цаашид өөр улсуудад олон серверууд авч өөрийн сайтыг улам сонирхолтой болгохоор төлөвлөж байгаа тухайгаа ярьжээ. Мөн "бусад сайтууд хэт их сурталчилгааны материал агуулж байдгаас хэрэгтэй мэдээллээ ялгаж авахад төвөгтэй байдаг, өөрийнхөө сайтад сурталчилгааг хамгийн бага байлгахыг хичээнэ" хэмээсэн байна.

Хэрэв та вэб сайтаар нь зочилж үзвэл үнэхээр дөрөвхөн ширхэг үгэн сурталчилгаа хуудасны доод талд байрлаж байгааг харах болно. Энэхүү мэдээллийг уншиж суухдаа амьдрал дээр ийм боломж цөөнгүй байдгийг урьдчилаад хэлчихсэн хэн нэгэн суутны үгийг иш татахыг хүссэн боловч дүйцэх үг санаанд орж ирсэнгүй. Хэрэв та ямар нэгэн үг санаж байвал харамгүй хэлж өгнө үү.

ганцхан сэтгэгдэл:

Өмнөх насандаа ихэнхийг нь хийчэхээд энэ насандаа түүнийхээ сүүлийг нь санамсаргүй тохиолдлоор л олж авсан бхгүй юу. Фээспүүкийн залуу ч ялгаагүй. Өмнө их хийвэл дараа нь бага.......

хариулах...

Сэтгэгдэл үлдээх