Донорын зүрхийг 10 хоног амьдруулж чаджээ

Донор эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд эргэлт хийх нээлтийг Харвардын их сургуулийн эрдэмтэд хийсэн байна. Тус сургуулийн профессор Hemant Thattle 21 төрлийн химийн бодисоос бүрдэх Somah хэмээх уусмал гарган авч, түүний тусламжтайгаар гахайн зүрхийг биеэс нь салангид байдалд 10 хоногийн турш амьд хадгалж чадсан байна. Уг уусмал нь эд эрхтэний бодисын солилцоог хангаж үхжихээс сэргийлэх чадвартай ажээ.

Түүгээр ч зогсохгүй задлан шинжилгээгээр биенээс салган бага температурт хадгалж байсан гахайн зүрхийг цусны эргэлтийн хиймэл систем ашиглан 24 цагийн дараа дахин цохилуулж чадсан байна. Өнөөг хүртэл анагаах ухааны практикт шилжүүлэн суулгах зорилгоор донорын зүрхийг 4 цаг хүртэлх хугацаанд л хадгалж чаддаг байсан юм. Тухайн өвчтөнд тохирсон донор эрхтэн суулгах эмчилгээ цаг хугацаа болон орон зайн хүчин зүйлээр хязгаарлагдаж байдаг. Өөрөөр хэлбэл 4 цагаас илүү хугацаагаар зүрхний эд эсийг муутгалгүйгээр хадгалах боломжгүй учир донорын зүрхийг өвчтөнд хүргэхийн тулд өртөг өндөртэй тусгай зориулалтын нисэх онгоц зэргийг ашигладаг байжээ.

Somah уусмалыг ашигласнаар донор эрхтэнг дунджаар 7 хоног хугацаагаар хадгалах боломж бүрдэж хадгалалт тээвэрлэлтийн зардал үлэмж хямдрах юм. Хамгийн гол нь яаралтай эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай олон өвчтөний амь насыг аврах боломж бүрдэж байна. Зөвхөн америкт л гэхэд жил бүр 1000 өвчтөнд донор эрхтэн суулгах шаардлагатай байдаг бөгөөд донорууд ихэвчлэн тархи нь үхэжсэн өвчтөнүүд байдаг байна. Энэ нээлтийг хүний бие эрхтэнд ашиглахад одоогоор эрт байгаа бөгөөд хэдэн жилийн судалгааны ажил шаардлагатай юм байна.




эх үүсвэр; Harvard university

,

2 сэтгэгдэл:

Үндсэн үйл ажиллагаа нь хэвийн байж чадах болуу? тодорхой хэдэн үзүүлэлт л хэвийн ажиллаж байхдаа гэхдээ удахгүй бараг л шийдэл гарах байхдаа

хариулах...

Одоохондоо илүү дэлгэрэнгүй мэдээлэл олж харсангүй. Гэхдээ их ирээдүйтэй байж магадгүй нээлт гэж бодоод байгаа юм. Хүний эрхтэнүүдээс тархи хамгийн түрүүн үхэждэг, тархи үхэжсэнээр тухайн хүнийг нас барсанд тооцдог. Яваандаа Samoh-ийг сайжруулаад жишээ нь осолд орсон хүний тархи руу тариад үхэжхээс хамгаалдаг болчихвол амь насыг нь аврах магадлал эрс нэмэгдэнэ гэсэн үг. Бараг л мөхийн ус гэж хэлж болмоор... гэхдээ энэ зөвхөн миний л бодол, төсөөлөл шүү, мэргэжлийн улсууд нарийн ширийнийг нь хэлэх байх.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх