Цахилгаан унадаг дугуйн борлуулалт эрс нэмэгдэв

2010 оны эхний хагас жилийн байдлаар Япон улсад худалдаалагдсан цахилгаан хөдөлгүүр бүхий унадаг дугуйн борлуулалт 200 мянгад хүрч бензинээр ажилладаг мотоцикл болон мопедны борлуулалтаас анх удаа илүү гарсан байна. 2008 оноос ийм төрлийн унадаг дугуйн борлуулалт 50 сс хүртэлх хэмжээний хөдөлгүүр бүхий мопедоос давж эхэлсэн юм. Харин мотоцикл болон мопедны борлуулалт 194 мянга болж 5 жил дараалан буурсан үзүүлэлттэй байна. Цахилгаан хөдөлгүүрт унадаг дугуй нь өгсүүр замыг туулахад хүндрэлтэй байдаг энгийн дугуйн дутагдалтай талыг арилгаж чадсанаас гадна үнэ хямд, ашиглахад хялбар байдгаас өндөр настан, эмэгтэйчүүд болон оюутнууд голлон худалдаж авдаг байна.

Хэрэглэгчдийн эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчны нөлөөллийг ухамсарлах явдал нэмэгдэж байгаатай холбоотойгоор цахилгаан хөдөлгүүрт унадаг дугуйн борлуулалт өсч ийм төрлийн зах зээл их хэмжээгээр тэлэх төлөвтэй байна. Дэлхийд хамгийн анхны цахилгаан унадаг дугуй үйлдвэрлэсэн Ямаха компаний борлуулалт гэхэд л өнгөрсөн оны эхний хагас жилтэй харьцуулахад 18 хувь нэмэгджээ. Үүнд хоёр хүүхэд суулгаж явах боломжтой загвар хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, мөн сурталчилгааг амжилттай явуулсан нь нөлөөлсөн байна. Панасоник компани эмэгтэйчүүдэд зориулсан спорт загварын дугуйг 5-р сараас худалдаанд гаргасан байна. Мөн тоормозлох үед ашиггүй зарцуулагдах энергийг батерейг цэнэглэхэд ашиглах технологийг нэвтрүүлэн нэг удаагийн цэнэглэлтээр 97 км хүртэлх зай туулах чадвартай шинэ загварын унадаг дугуйг өнгөрөгч сард танилцуулсан юм.

Тэгвэл Санёо компанийн 2009 оны борлуулалт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 50 хувь нэмэгдсэн байна. Тус компани 4 сард худалдаанд гаргасан шинэ загварын унадаг дугуйн дахин цэнэглэх төхөөрөмжийг сайжруулснаар энерги үүсгэгчийн эргэлтийн хурдны өөрчлөлт болон дөрөө жийх хүчийг хамтад нь мэдэрч, цэнэглэх хэмжээг тохируулснаар тэгш гадаргаар явах үед ч үр ашигтайгаар цэнэглэх боломжтой болсон байна. Харин Хонда компани шинэ загварын дугуй үйлдвэрлэн өдөр ирэх тусам өргөжин тэлж буй хятадын зах зээлд ирэх оноос нийлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.



эх үүсвэр; robonable

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх