ШУТИС-ийн багш нар усны хөдөлгүүр бүтээжээ

ШУТИС-ийн Механик Инженерийн Сургуулийн багш нар усны механик хөдөлгүүр зохион бүтээсэн тухай мэдээлсэн МҮОНТВ-ийн Шинжлэх ухаан танин мэдэхүйн теле сэтгүүл нэвтрүүлгийн нэгэн дугаарыг хүргэж байна. Энэхүү мэдээллийг онцлох болсон нь тодорхой учир шалтгаантай юм. Өнөөдрийг хүртэл монголчууд өөрсдийн оюун ухаан, хүч хөдөлмөрийн үр шимээр шинэ шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг зохион бүтээж үйлдвэрлэн, амьдралд хэрэгжүүлсээр ирсэн билээ. Гэхдээ эдгээр бүтээлүүд нь ихэвчлэн гадаадад үйлдвэрлэгдсэн бэлэн эд ангиудын зориулалтыг өөрчилөх зэргээр угсарсан зүйлс байдаг. Мөн нөөц бололцоондоо тулгуурлан өөрсдөө үйлдвэрлэсэн байлаа ч орчин үеийн шаардлагыг тэр бүр хангаж чаддаггүй байсан.

Харин энэ удаа мэдээлэгдэж буй усны моторын хувьд бүх эд ангиудыг программийн удирдлагатай (NC буюу numerical control) машин (ПУМ) ашиглан өөрсдөө үйлдвэрлэснээрээ онцлог юм. Япон болон бусад өндөр хөгжилтэй улс орнуудад үйлдвэрлэгдсэн автомашин болон бусад тоног төхөөрөмжүүд өндөр чанартай, найдвартай ажиллагаатай байдгийн нэг нууц нь эд ангиудыг ПУМ-аар үйлдвэрлэж бүтээгдэхүүний чанарын шаардлагыг дээд зэргээр хангадаг явдал юм. Жишээлбэл автомашины эд ангиудыг 0.01 мм-ийн нарийвчлалтай үйлдвэрлэснээр нэгтгэн угсрах тохиолдолд эд ангиудын зохицол болон хэмжээсийн хувьд хоорондоо яв цав таарч ашиглалтын хугацаа урт, аливаа гэмтэл доголдол багатай, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл болдог байна. Өдөр ирэх тусам овор хэмжээ жижгэрч нэгж талбайд суурилуулах эд ангиудын тоо ихсэж байгаа электрон төхөөрөмжүүдийн эх хавтанг нүхлэх лазерийн машинууд гэхэд л 30-40 микрон хэмжээтэй нүх цоолох чадвартай болсон байна.

Xөгжингүй гадаад улс орнуудтай адил өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж тэдэнтэй өрсөлдөхөө байг гэхэд адил төрлийн технологи эзэмшихэд анхны алхам болж байгаа нь дээрх бүтээгдэхүүний онцлог юм. Өндөр нарийвчлал бүхий ПУМ-ууд нь үнэ өртөг харьцангуй өндөр боловч түүнийг ашиглах, ажиллуулахад тийм ч их хэцүү биш байдаг. Цаашид уул уурхай болон бусад эх үүсвэрүүдээс олох орлогын хэмжээ нэмэгдэж машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл бий болж, монголчууд өөрсдийн гараар олон олон шинэ бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байдаг юм.

,

2 сэтгэгдэл:

Goe blog bna shuu. say twitter ees olloo hehe

хариулах...

Миний "гоё" блог "жиргэгч"-ид байна гэж бодсонгүй шүү, ямархуу хаяг аадрестай, хаахна явна вэ?

хариулах...

Сэтгэгдэл үлдээх