Аналог видеог HD болгон хувиргана

Чип үйлдвэрлэгч NEC компани нягтрал багатай аналог видео бичлэгийг богино хугацаанд HD болгон хувиргах технологийг боловсруулж байна. Шинэ технологийн онцлог нь хальст, туузан кассет болон өмнөх үеийн бусад төрлийн камераар авсан аналоги видео бичлэгийг HD (high-definition) чанартай болгон хувиргах чадвартай юм. Өмнө нь нэг цагийн урттай аналог бичлэгийг хувиргахын тулд 1 сарын хугацаа зарцуулдаг байсан бол NEC-ийн шинэ технологиор 17 дахин хурдан буюу "дөнгөж" 10 цагийн хугацаанд боловсруулдаг болсон байна. Мөн хувиргалтын явцад үүсдэг өнгөны сарнилт болон дүрс сүүмэлзэх хүндрэлүүдийг арилгаж чадсан байна. Энэхүү технологи нь телевизийн салбарт зориулагдсан бөгөөд хяналтын камераас гэмт хэргийн чанартай үйлдлийг илрүүлэх зэрэг бусад төрлийн хэрэглээнд ч мөн адил тохиромжтой юм.

Гэхдээ одоогоор сайжруулалтын шатандаа байгаа бөгөөд үйлдвэрлэлд шилжих хүртэл тодорхой хугацаа шаардлагатай байгаа ажээ. Телевизийн технологи болон видео төрлийн ихэнх төхөөрөмжүүд дижитал системд шилжиж байгаа өнөө үед хуучин кино, нэвтрүүлэг, үйл явдлын бичлэгүүдийг өндөр чанартай HD болгон хувиргах шаардлага урган гарч байгаа юм. Энэ технологи тун удахгүй нийтийн хэрэглээнд нэвтэрч бидний үнэт дурсамжуудыг агуулсан гэр бүлийн болон хувийн видео бичлэгүүдээ цоо шинээр дахин харах боломжийг олгох бизээ.


эх үүсвэр; techEYE

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх