КТ сэтгүүлд хандав!?

Монгол хэлээр мэдээлэл хүлээн авах боломжтой хүмүүсийн тоо харьцангуй цөөхөн байдгаас үүдээд манай онлайн үйлчилгээний зах зээл бусад орнуудтай харьцуулахад хүртээмж багатай байдаг. Тэр дундаа дийлэнх интернет хэрэглэгч, уншигч, үйлчлүүлэгчдийн сонирхлыг тэр болгон татдаггүй сэдвээр төрөлжсөн үйл ажиллагаа явуулах тохиолдолд хүссэн хэмжээгээр амжилтад хүрэхгүй байх нь олонтоо. 3 жилийн өмнөөс технологийн чиглэлээр дагнан блог хөтлөж байгаагийн хувьд блогийн хандалтын тоо болон бусад мэдээллүүдээс ийм дүгнэлт хийхэд хүрдэг.

Компьютер, интернэт, мэдээллийн технологиор төрөлжиж, энэ чиглэээр манайдаа  бараг нэгдүгээрт тооцогдох Компьютер таймс сэтгүүл төлбөртэй онлайн хувилбараа гаргаад багагүй хугацааг өнгөрч байгаа билээ. Миний хувьд ч жил хагасын өмнөөс онлайнаар захиалан уншиж ирсэн. Төлбөртэй ямар ч төрлийн онлайн үйлчилгээнд хэрэглэгч үйлчлүүлэгчдийн санал сэтгэгдлийг хүлээн авч сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, өөрөөр хэлбэл эргэх холбоо сайн ажиллаж байж амжилтад хүрдэг жишиг байдаг. emall.mn зэрэг манай зарим үйлчилгээнд ийм талын функц дутагдсанаас тэр болгон хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцдэггүй жишээ цөөнгүй бий.

КТ сэтгүүлийн хувьд форум ажиллуулан санал хүсэлт хүлээн авч нийтлэлдээ тусгаж ирсэн нь уншигчдыг татахад эергээр нөлөөлж байсан. Өнгөрсөн цаг дээр бичдэгийн учир нь сэтгүүлийн эргэх холбоо ажиллахаа болиод удаж байгаатай холбоотой юм. Форум гэхэд л өнгөрсөн оны 8 сараас хойш ажиллахаа больсон байна. Мөн веб хуудсанд өөрийн бүртгэлээр нэвтэрсэн ч баталгаажуулах код гарч ирэхгүй байгаа учир сэтгэгдэл үлдээх боломжгүй болжээ. Сэтгэгдэл бичигддэггүй асуудал зөвхөн надад, эсвэл манай интернет холболтоос үүдэлтэй байж магадгүй байж болох ч сүүлийн үед веб хуудасны мэдээллүүдэд сэтгэгдэл огт бичигдээгүй байгаагаас үзвэл сайтад зочилогч бүх хүнд хамаарч байгаа асуудал бололтой. Яагаад заавал санал сэтгэгдэл бичих гээд зүтгээд байна вэ гэсэн асуулт зарим хүнээс гарч магад.

КТ сэтгүүлд эхэн үедээ сонирхол татаж, мэдлэгт нэмэр болохуйц чанартай нийтлэлүүд гардаг байсан бол сүүлдээ бүдүүн дарга нарын нуршуу ярилцлага, zaluu.com мэтийн хулгайч сайтанцаруудын сурталчилгаа багагүй зайг эзлэх болов. Өнгөрсөн оны сүүлийн дугааруудыг ажиглахад 12 нүүр буюу сэтгүүлийн нийт агуулгын 20 хүртэл хувийг зөвхөн сурталчилгааны материал эзлэж байх жишээтэй. Бичлэгийн эхэнд дурдсанаар зөвхөн нийтлэлээр ашигтай ажиллана гэдэг хүндрэлтэй учир төлбөртэй сурталчилгааны материал нийтлэх нь зүйн хэрэг. Сурталчилгааны материалын эзлэх хувь 20 орчим хувиас хэтрэхгүй байвал хүлээн зөвшөөрч болно.

Гэтэл шинэ оны эхний дугаарын 65%-д сурталчилгааны материал нийтлэгджээ. Нийтлэгдэхдээ уламжлал болсон сонирхолтой булангуудаа зориуд хасч байгаад худалдаалахаар төлөвлөж байгаа компьютерийн каталогуудыг байршуулсан байх юм. Аливаа бүтээгдэхүүний каталог, брошурыг худалдаалагч байгууллагууд өөрсдийн зардлаар хэвлүүлж үнэ төлбөргүй тараадаг ёстой. Ерөөсөө ямар ч төрлийн сурталчилгааны материал хүмүүст үнэ төлбөргүй хүрдэг тогтсон жишиг бий.

Тийм байтал КТ сэтгүүл онлайн болон шууд хэлбэрээр төлбөрөө төлж сэтгүүлийг нэгэнт захиалан авсан хэрэглэгчиддээ сурталчилгааны материалыг хүчээр тулган худалдаалж байгаа нь худалдан авагч, захиалагчдаа үл хүндэтгэсэн хэрэг болж байна. Сурталчилгааны материалыг сонин хэвлэл зэргийг дагуулж тараах боломж бий. Сэтгүүлийн хавсралт хэлбэрээр нэмэлт хуудсууд гаргаад, уламжлал болсон нийтлэлийн үндсэн агуулгад нөлөөлөхгүйгээр тараасан бол асуудал байхгүй.

Дараагийн нэг асуудал нь өнгөрсөн жил онлайнаар захиалга хийгдэх үед paypall-ын тохиргоонд төлбөр автоматаар сунгагдахаар хийгдсэн байсныг тухайн үед анзаараагүй юм. Түүний дагуу 2 дахь жилийн буюу 2012 оны төлбөр өнгөрөгч 11 сард автоматаар төлөгдсөн боловч анх захиалага хийснээс хойш яг нэг жилийн дараа буюу өнгөрсөн сард онлайн сэтгүүлийг унших эрх хаагдав. Нэгэнт форумд хандах, сэтгүүлийн сайтад сэтгэгдэл бичих боломжгүй байгаа учир уг сайтад байрлах 3 хаягаар имэйл бичиж тодруулахыг хүссэн боловч сар гаруй хугацаа өнгөрч байхад нэгнээс нь ч хариу ирсэнгүй. Уул нь цагаан сарын урт амралт тохиож байгааг бодолцож хугацааг нэлээд нөөцтэй тооцоод байгаа юм.

Ингээд холбоо барих боломжтой гэж үзсэн аргууд маань амжилтгүй болсон учир онлайн ертөнцөд өөрт олдсон өчүүхэн орон зайгаа ашиглаж КТ сэтгүүлийнхэнд хариу хүлээж байгаагаа дуулгаж байна. Энэ бүхэн зөвхөн КТ сэтгүүлээр зогсохгүй онлайн үйлчилгээ үзүүлэгч бусад сайт, байгууллагууд үйл ажиллагаагаа сайжруулахад бага ч болов нэмэр болж магад гэдэг үүднээс mixx.mn сайтад давхар нийтлэж байна.

КТ сэтгүүлийнхээн; сурталчилгааг худалдаж авмааргүй байна, санал хүсэлтээ веб хуудас, форум, тэдгээртэй төстэй хэлбэрээр асууж тодруулж хариулт авч баймаар байна, төлбөрөө төлсөн учир сэтгүүлээ уншмаар байна, сэтгүүлийн үнэнч захиалагч, уншигчдын нэг хэвээр баймаар байна. Хэрэв та бүхэн сэтгүүлээ хааж, зөвхөн компьютерийн худалдаа эрхлэх гээгүй юм бол хариу өгч тус болно уу? Захиалгын төлбөрийн цөөхөн хэдэн төгрөгөнд харамсанддаа бус, хамгийн гол нь чанартай мэдээлэл авдаг сурвалжуудын маань нэг хэвээр байгаасай гэдэг үүднээс хандав.



Шинэ оны эхний дугаарын хавтас буюу эхний нүүр, нийтлэлийн жагсаалт буюу 4-р нүүрийг өөрсдөд нь үлдээгээд бусад 58 нүүрэнд нийтлэгдсэн материалыг шүүж үзэхэд дараах байдалтай байна.

2-р нүүр; Moto.mn сайтын сурталчилгаа
3-р нүүр; Vipnews сэтгүүлийн сурталчилгаа
5-р нүүр; Гэрүгэ плюс компаны бүтээгдэхүүний сурталчилгаа
16-17-р нүүр; Телемакс комуникэшн команий захирлын хөдөлгөөнт интернетийн тухай ярилцлага, гэхдээ 6 асуултаас 5 нь зөвхөн тухайн компаний үйл ажиллагаанд чиглэсэн, сурталчилгааны хэлбэртэй
20-23-р нүүр; Самсунг Галакси SII ухаалаг утасны тухай ТОЙМ, Тэди төвийн тэддүгээр лангуунд худалдаж байгаа тухай. Зөвхөн ганцхан гар утасны тухай сэтгүүлийн бүхэл бүтэн 4 нүүрийг зарцуулсан байна.
25-27-р нүүр; Нэкст электроникс дэлгүүрт худалдаж буй Самсунг загварын blu-ray тоглуулагчийн танилцуулга
29-р нүүр; Манайд худалдаалж буй нөөтбүүкнүүдийн тухай тусгай катологийн нүүр.
30-31-р нүүр; Зөөврийн компьютерийн тухай маш ерөнхий ойлголтууд, гадаад үзэмж, дэлгэцийн хэмжээ, овор хэмжээ, дуу, видео тоглоом тоглуулах боломж гэх мэтийн хэний ч мэддэг, захын блогийн хуудаснаас олж болох мэдээлэл.
32-43-р нүүр; Катологууд бүхэл бүтэн 12 нүүрийг эзлэжээ. Түүний оронд 44-45-р нүүрэн дэх хүснэгт байхад л уул нь хангалттай.
53-55-р нүүр; Тусламж булан, Storemanagement дэлгүүрийн удирдлагын ситемийн хичээл. Ердийн уншигчдад түгээмэл бус, маш хязгаарлагдмал тоогоор хэрэглэгддэг програмын зааврыг цувралаар, олон дугаар, олон хуудас дамжуулж нийтлэх шаардлага байхгүй. Үүнийг уул нь худалдаалагч компани нь өөрсдөө жижигхэн товхимол болгон хэвлээд бүтээгдэхүүнийхээ баримт бичигт хавсаргадаг ёстой.
56-57-р нүүр; Төрөл бүрийн зар сурталчилгаа
59-р нүүр; Urlag.mn сайтын сурталчилгаа
60-р буюу арын нүүр - PC mall дэлгүүрийн бүтээгдэхүүний сурталчилгаа.
Нэгэнт эрх хаагдсан учир шинэ оны 2 дахь дугаарыг шинжих боломж байсангүй.

5 сэтгэгдэл:

bi lav unshihaa bolison , estoi demii mongo ursen setguul bolson bn lee

хариулах...

БИ Ч БАС УНШИХАА БОЛИОД УДАЖ БАЙНА.

ер бараг нэт ээс өрөө мэдээллээ олоод нуншсан нь хамаагүй дээр юм билээ. жишээнэ engadget.com оос ойлгохгүй юм аа яаж ийж байгаал ойлгочихдог юм да

хариулах...

11 сарын дугаарыг авч үзсэн. Хуучнийхтай нь харьцуулашгүй болсон байна лээ. Арайл их рекламтай. ганц нэгхэн хэрэгтэй мэдээлэл харагдсан
1-р сарын дугаарын тоймноос харахад арайл дэндүү болжээ.

хариулах...

За тэгвэл би ч бас уншихаа болихоос аргагүй болж байгаа юм байна...

хариулах...

Tanii shuumjlel-iig ajildaa heregjuulsen baigaa bayrlalaa tand . manai site maani ergeh bolboodstoi bolson bgaa :D

хариулах...

Сэтгэгдэл үлдээх