Бактерийн шинжилгээг гар утсаар хийнэ

АНУ-ын Калифорнийн Их сургуулийн эрдэмтэд гар утсанд холбож хүнсний бүтээгдэхүүний шингэрүүлсэн дээжинд агуулагдах бүдүүн гэдэсний бактерийг илрүүлэх зориулалттай төхөөрөмж бүтээсэн байна. Уг төхөөрөмж нь гэрэл ялгаруулагч диод (LED) бүхий шилэн капиляр хоолойнуудыг агуулдаг байна. Капиляр хоолойн нэг талд бактерийн эсрэг биетүүд байрлах бөгөөд капиляр хоолойгоор сорогдсон дээж LED-ээр гэрэлтүүлэгддэг.

LED-ын гэрэл дээжин дэх бактерүүдийг өдөөсний улмаас үүсэх дүрслэлийг гар утасны камераар харах боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл уг шинэ төхөөрөмж гар утсыг жижиг хэмжээний мироскоп болгон хувиргаж байгаа хэрэг юм. Бүдүүн гэдэсний бактерийн халдвар нь ялангуяа хөгжиж буй орнуудын иргэдийн эрүүл мэндэд ихээхэн аюул занал учруулдаг.

Хоолны хордлогод оруулахаас авахуулаад уг бактерийн ихэнх төрлүүд хүний биед хүнд хэлбэрийн өвчлөлүүд үүсэх шалтгаан болж байна. Бүдүүн гэдэсний бактер нь түүхий болон хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн, сүү, хүнсний ногоо зэрэг бохирдсон хүнсний бүтээгдэхүүнээс шууд хэлбэрээр хүнд халдварладаг. Уг бактерийн шинжилгээний уламжлалт багажууд нь өртөг өндөртэй, нарийн төвөгтэй хийцтэй байдаг учир шинжилгээ хийх шаардлагатай газруудыг бүрэн хангахад хүндрэлтэй байдаг.

Харин уг шинэ төхөөрөмж гар утас ашиглагдаж байгаа ямар ч газарт маш хямд зардлаар бактерийн микро шинжилгээ хийх боломжийг олгож байна. Өнөөдөр дэлхий даяар 5 тэрбум гар утас ашиглагдаж байгаа бол тэдгээрийн 70% нь хөгжиж буй орнуудад ноогдож байгаа юм. Зохион бүтээгчид туршилтын шатанд ус болон сүүн дэх бага хэмжээний агууламж бүхий бактерийн шинжилгээг амжилттай хийгээд байна. Мөн цаашид уг төхөөрөмжийг бусад төрлийн бактерүүдийг таних боломжтой болгохоор зорьж байна.



эх сурвалж; mailonline

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх