Монголчууд Японд довтолсон нь (эхний хэсэг)

Япон улс 7-13 -р зууны үед гадаад улсуудтай их бага хэмжээний дайн байлдаан хийж байсан боловч, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хөндсөн тухайн үеийн хамгийн том довтолгоон монголчуудаас ирсэн юм. 1259 онд Солонгосын хойгийн Корё улсыг монголчууд эрхшээлдээ оруулж, дараа жил нь Хубилай их гүрний хаан ширээнд суув. 1268 онд япончууд Хубилайн анхны захидлыг хүлээн авчээ. Захидал харилцаа холбоо тогтоохыг хүссэн өнгө аястай байсан боловч, татвар төлөхийг шаардаж, цэргийн хүч хэрэглэхэд хүргэхгүй байхыг анхааруулсан агуулгыг төгсгөл хэсэгт оруулсан байв.

Хубилай тухайн үед цэцэглэн хөгжиж байсан өмнөд хятадын Сүн улсыг эзлэхээр төлөвлөж байжээ. Сүн улс нь торгоны замын чухал хэсгийг хамарч, худалдаа арилжаа, газар тариалан, далайн тээвэр өндөр хөгжсөн улс байв. Иймд тус улсыг эзлэх аян дайнд шаардагдах хөрөнгө зардлын зарим хэсгийг япончуудаас гаргуулахыг хүсч байсан бололтой. Харин захидлыг хүлээн авсан японы эрх мэдэлтнүүд түүнд онц ач холбогдол өгсөнгүй. Япон улс Сүн улсаас өөр улстай бараг харилцаа холбоогүй, гадаад улсуудын талаар ч хангалттай мэдээлэлгүй байв. Тэд монголчуудын тухай Сүн улсын төлөөлөгчдөөс асуухад "зэрлэг бүдүүлэг улс" хэмээн хариулсан гэх эх сурвалж ч байдаг байна.

1270 онд хуучин Корёгийн эзэнт гүрний хааны ордны хамгаалалтыг хариуцаж байсан Санбэёлчо хэмээх цэргийн бүлэг Канфа аралд монголчуудын эсрэг бослого гаргав. Удалгүй монгол цэрэгт хөөгдөн Солонгосын хойгийн өмнө хэсэгт байрлах Канда арал руу зугтжээ. 1271 онд Санбэёлчогийн удирдагчид тусламж хүссэн захидлыг япончуудад илгээсэн байна. Захидалд цэрэг болон эд xөрөнгийн туслалцаа үзүүлэхийг хүсээд монголчууд довтлон ирэхийг сануулсан байв. Гэтэл Корё улсын газар нутгаас ирсэн өөр өөр агуулга бүхий захидлууд японы Камакура шогуны захиргааг эргэлзэхэд хүргэжээ.

Туслалцаа хүссэн сүүлийн захидал, татвар төлөхийг шаардаж сүрдүүлсэн эхний захидлаас өөр илгээгчээс ирсэн гэдгийг тэд ялгаж салгаж ойлгосонгүй. 1273 онд Санбэёлчогийн бүлэг одоогийн Чэжү аралд монголчуудад ялагдаж, бослого бүрэн дарагджээ. Гэхдээ уг тэмцэл япон руу хийсэн монголчуудын довтолгоог тодорхой хугацаагаар хойшуулсан юм. 1274 оны 10 сарын 5-нд Хубилайн армийн 30 мянган цэрэг японд довтлон ирэв. Монголын цэргүүд Цүшима арлын хамгаалалтын цэргийг хялбархан ялж, Ики арлаар дамжин Хаката буланд орж иржээ.


Киотогийн цэргийн удирдагч Такэсаки Сүэнага цэрэг авч угтан байлдсан боловч монголчуудын довтолгоог зогсоож чадсангүй. Учир нь тэдний тулалдах урлаг япончуудынхаас тэс өөр байв. Ихэвчлэн нэг цэрэг дайсны нэг цэргийн эсрэг сэлмээр тулалддаг арга барил бүхий япончууд бүрээн дуугаар нэгэн зэрэг, бөөнөөр довтлон ирэх монголчуудын эсрэг хүчин мөхөсджээ. Монгол цэргийн бага оврын нум сум довтолгоонд туйлын тохиромжтойгоос гадна сумны зэвэнд хор шингээх мэтийн аргуудыг хэрэглэж байв.

Үүнээс гадна төмрийн хэлтэрхийнүүд, шатаах бодис агуулсан тэсрэх бөмбөг хэрэглэж байсан нь япончуудын урьд хожид үзээгүй аймшигтай зэвсэг байжээ. Монгол цэргүүд япончуудын эсэргүүцлийг хялбархан няцааж Хаката хотод орж ирсэн боловч тэр өдөртөө усан онгоцондоо суун буцсан байна. Үүний шалтгаан тодорхойгүй байдаг боловч далайн хар салхи дэгдсэн, анхнаасаа зөвхөн сануулга өгөөд буцах зорилготой байсан, монголын армийн монгол, солонгос цэргүүдийн хооронд зөрчил гарсан зэрэг таамаглалыг түүхчид дэвшүүлдэг.

1275 онд Хубилай элч төлөөлөгчөө илгээсэн боловч тэр нь японы цэргийн эрхтнүүдэд алагдав. Харин япончууд Хаката булангийн эрэг дагуулан 3м өндөртэй, 20 км урт чулуун хэрэм байгуулах зэргээр монголчуудын дараагийн довтолгооны эсрэг шаргуу бэлтгэж эхэлсэн байна. 1279 онд Сүн улсыг эзлэж, бүх хятадыг эрхшээлдээ оруулсан Хубилай ч хятадийн өмнөд боомт Гуанжоу зэрэг хотод шинэ довтолгоонд бэлдэж, усан онгоцууд бүтээж эхлэв. Ингээд 1281 онд солонгосын хойгоос 40 мянган цэрэг, өмнөд хятадаас 100 мянган цэрэг тус тус японыг чиглэн нийт 4400 усан онгоцоор хөдлөжээ.


Солонгосын хойгоос гарсан цэрэг 6 сарын 6 -нд түрүүлэн ирж довтлов. Энэ үед япончуудын байгуулсан хэрэм үүргээ гүйцэтгэж, монголын цэргийн эхний хэсэг эрэгт гарч чадалгүй ухарсан байна. 7-р сард хятадаас гарсан цэргүүд ирж, одоогийн Нагасаки мужын Такашима орчимд эхний хэсэгтэй нийлэн дахин довтлоход бэлтгэв. Энэ үед хүчтэй салхи шуурган дэгдэн, монгол цэргүүд үймж эхэлсэн байна. Япончууд ч боломжийг ашиглан жижиг завиар амжилттай довтолсон байна. Шуурганд барьц алдсан монголын цэргүүдийн ихэнх нь живж, алагдсан бол дөнгөж 30 орчим мянган цэрэг амь гарч буцжээ.

Монголчуудын хоёр дахь удаагийн довтолгоон амжилтгүй болсон шалтгааныг 1-рт хамгаалалтын хэрэм байгуулж, монголчуудын довтолгооны онцлогт тохируулан жижиг завиар эсэргүүцсэн, 2-рт солонгосын хойг болон хятадаас ирсэн цэргүүдийн харилцаа холбоо, довтолгооны тактикийн нэгдэл хангалтгүй байсан, 3-рт монголчуудын усан онгоц хангалттай бат бэх байгаагүйгээс хялбар гэмтэж, эвдэрч байсан, 4-рт далайн хар салхи, ширүүн бороо нөлөөсөн гэж түүхчид үздэг байна.

2 удаа амжилтгүй довтолсон Хубилай 3 дахь удаагаа дахин япон руу довтлохоор төлөвлөж байсан гэж түүхчид үздэг. Хубилай 1287 онд Вьетнам улс руу цэрэглэн довтлов. Монголын цэргийн усан онгоцнууд Бак Данг голыг өгсөх үед вьетнамчуудын бэлтгэсэн урхинд оржээ. Вьетнамчууд далайн таталт болж, голын усны түвшин доошлох үед голын ёроолд урт модон гадаснууд хатгаж орхисон байна. Далайн түрэлтийн үед голыг өгсөж ирсэн Монголын усан онгоцнууд дахин таталт болж усны төвшин буурахад гадсанд хайрдаж хөдөлгөөнгүй болжээ. Энэ үед вьетнамчууд жижиг завиар довтлон олон тооны монгол цэргийг усан онгоцын хамт устгасан байна. Усан флотын их хэмжээний хохирол амссан Хубилай 3 дахь довтолгооноо хийж амжилгүйгээр 7 жилийн дараа таалал төгсчээ.


үргэлжилнэ ...

8 сэтгэгдэл:

Vietnamchuudiin Talasr Sonsoj Bgaagui Yum Bn Shuu

хариулах...

mongolchuud usand bol suh gedeg selelteer seldeg shd kk

freekiller хариулав... 2/18/13, 3:19 PM

Сайхан нийтлэл байна.Үргэлжлэлийг тэсэн ядан хүлээж байя.Харин тэр сэлэлтийн тухайд бол монголчууд Зангуу сэлэлтээр сэлдэг онцлогтой.хэхэ

хариулах...
хариулах...

Сэтгэл хөдөлж байна шүү

хариулах...

Сайхан нийтлэл байна

хариулах...

yapon ruu dairhad Mongol tsereg mash tsoohon hyatad solongos tsergees burdej baisan gedeg bizdee

хариулах...
This comment has been removed by the author.
хариулах...

Сэтгэгдэл үлдээх