Японы электроникийн үйлдвэрлэлийн уналтын түүx

1980-1990-ээд оны үед электрон барааны үйлдвэрлэлээр япончууд дэлхийд тэргүүлж байсан боловч "дижитал хувьсгал" эхэлсэнээр тэдний хувьд алтан үе нь дууссан гэхэд хилсдэхгүй. 2000-аад оны үеэс зах зээлд эзлэх байр сууриа алдаж, Өмнөд Солонгос, Хятад, Тайвань зэрэг бусад улсын үйлдвэрлэгчдийн ширүүн өрсөлдөөн дунд тэсч үлдэхийн төлөө тэмцэж байна. Япон улсын электроникийн үйлдвэрлэлийн тэргүүн шугаманд байсаар ирсэн Сони компани энэ салбарын уналтын түүхийн тод жишээ юм.

1990-ээд оны сүүлээр Сони компаний хувьцааны ханш болон ашгийн хэмжээ хамгийн өндөр хэмжээнд хүрч байв. Энэ үед АНУ-ын Лас Вегас хотод нээгдсэн компьютерийн төхөөрөмжийн үзэсгэлэнд тус компани MS walkman буюу мемори стик бүхий тоглуулагчийг танилцуулав. Кассет, СД-г орлохоос гадна компьютерт тохирох форматаар дуу хөгжмийг сонсох, төлбөртэйгээр дуу татан авах боломжтой, интернетийн ирээдүйг урьдчилан харсан жижиг оврын тоглуулагчийн анхдагчийг толилуулсан нь Apple-ийн iPod худалдаанд гарахаас 2 жилийн өмнөх үйл явдал байсан юм.


Электрон төхөөрөмжийн зах зээл огцом өөрчлөлтийн босгонд ирээд байгааг Сони компаний тухайн үеийн захирал Идэй соргог мэдэрч байжээ. Тус компаний технологи бүтээгчдийн үйл ажиллагаа ч идэвхжиж байв. Зохион бүтээгч Кутараги Кэн компанийн дотоод эсэргүүцэлтэй тулгаран байж хийсэн тоглоомын төхөөрөмжийн хөгжүүлэлтийн үр дүнд цоо шинэ плэйстэйшн 2 төрөн гарав. Өөрийнх нь хүсэл зоригт нийцээгүй удирдлагын шийдвэрийг дагахгүй хэмээн эсэргүүцэж байсан Маэда Сатору дэлхийн хамгийн анхны утасгүй телевизорын загварыг бүтээв.

Кэндо Тэцүжирогийн бүтээсэн өндөр чанартай дүрс боловсруулах технологи бүхий хавтгай кинескоп хоолойт зурагт 1997 онд барууны орнуудад худалдаанд гарсан даруйдаа шуугиан тарив. Тэрээр өмнө нь 400-аас олон тооны патент эзэмшиж байсан боловч нэгийг нь ч бүтээгдэхүүн болгож чадаагүй байсан юм. Эдгээр нь компаний төлөвлөгөөнд тусгагдаагүй, зохион бүтээгчид бие даан бүтээсэн гэхэд хилсдэхгүй шилдэг бүтээлүүд байсан бөгөөд MS walkman ч тэдний нэг байсан юм.

Тухайн үед Apple iMac-ийг худалдаанд гаргаж, төрөл бүрийн дуу хөгжим худалдаалах iTunes-ийг дөнгөж эхлүүлж байв. Жобс iPod-ын хамт дуу, хөгжим түгээх програм хангамжийн хөгжүүлэлтийг эрчимтэй хийжээ. Ингээд 2001 онд анхны iPod худалдаанд гарав. Гэвч зах зээлийг жинхэнэ цочролд оруулах бүтээгдэхүүн түүний дараа нь гарах болно. Дуу, хөгжим худалдаалах iTunes Store 2003 оноос ажиллаж эхлэв. Жобс өөрийн биеэр хөөцөлдөж, дуу бичлэгийн компаниудтай харилцан ашигтай хамтран ажиллахыг санал болгосны үр дүнд төрөл бүрий дуу, хөгжим худалдаалах эрхийг авч чаджээ.


Сони ч бас гар хумхиж суусангүй, дуу түгээх програмаа худалдаалах ажилд хүч зарж байв. Гэвч Apple-ийн шинэ бүтээгдэхүүнүүд төрөл бүрийн хөгжим тоглуулагч үйлдвэрлэж ирсэн аварга брэндийг хүмүүсийн тархинаас арчих аюулыг учруулж эхэлсэн юм. Сони мюзикийн америк дахь салбарын захирал Энди Лак үүнийг мэдэрч байв. Тэрээр Токиод байрлах төв оффист болсон хуралдааны үеэр Apple-ийн эсрэг тэмцэх төлөвлөгөө боловсруулахыг Сонигийн удирдлагаас хүссэн боловч тэд хөдөлсөнгүй.

Энди Лак хэдийгээр салбарын захирал хүн, Токиод олон удаа очиж байсан боловч жинхэнэ үйлдвэрлэлийн халуун шугам дээр ажиллаж буй технологи бүтээгчидтэй уулзах боломж нэг удаа олддоггүй байв. Энэ нь Сони мэтийн японы компаний уламжлал, бүтэц зохион байгуулалтын онцлог байв. Түрүүлж гарсан walkman юуны учир "iPod" болж чадсангүй вэ. "Технологийн бүтээгдэхүүн бол бие даасан бизнесийн салбар болж зөвхөн нэг л төрлийн бизнест чиглэх учиргүй. Сүлжээний үйлчилгээ, контент, бүтээгдэхүүн гурав нийлж байж нэгэн цогц болох ёстой. Сонигийн хувьд энэ иж бүрдэл хангалттай бүрдэж чадаагүй" хэмээн Сонигийн захирал асан Хирай дүгнэж байна.

Walkman-ы хамт онлайнаар дуу, хөгжим худалдаалах програм гаргасан боловч бүтээлийн сан зөвхөн Сони мюзикийн эзэмшиж буй эрхийн хүрээнд хязгаарлагдаж байсан нь хэрэглэгчдийн шаардлагыг бүрэн хангасангүй. Үнэн чанартаа тухайн үед Сони жижиг хэмжээний CD болох мини диск тоглуулагчийг амжилт олно хэмээн найдаж байв. Гэтэл Жобс холбоо харилцаа бүхий Сонигийн мэргэжилтнүүдэд хандан мини диск тоглуулагч хол явахгүй гэдгийг зөвлөж байжээ. Бил Геитстэй хийсэн ярилцлагын үеэр Жобс Apple хэрхэн амжилтад хүрсэн тухай тодорхойлсон байдаг. Тэрээр "өмнө нь маш олон шинэ, сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн Сони компани програм хангамжын хөгжүүлэлтийг хангалттай сайн хийхгүй байна, iPod бол цэвэр програм хангамж юм" гэжээ.


1990-ээд оны сүүлээр "дижитал хувьсгал" эхлэх үед Сони олон тооны хөдөлгөөнт эд анги бүхий механик төхөөрөмжүүдтэй зууралдсаар байв. Үүний тулд олон тооны мэргэшсэн ажилчин, үйлдвэрлэлийн болон угсралтын нүсэр тоног төхөөрөмжүүд шаардагдана. Гэтэл Apple шинэ дижитал технологи ашиглаж, уламжлалт төхөөрөмжийн олон төрлийн үйлдлийг хэдхэн чипэнд багтаав. Тэдэнд үйлдвэр байгуулах шаардлага ч гараагүй бөгөөд Хятад мэтийн улсын хямд ажиллах хүчинг хөлслөх болжээ. Нөгөө талаас ийм төрлийн дижитал төхөөрөмжийн чип мэтийн эд ангийг бараг аль ч улсад үйлдвэрлэх боломжтой байв. Үр дүнд нь төхөөрөмжийн үнэ өртөгийг эрс бууруулж, Сониг яах ийхийн зуургүй ялагдахад хүргэнэ.

Ингээд 2003 оноос Сони компани алдагдалд орж, санхүүгийн байдал нь хүндрэв. 2006 он гэхэд 20 мянган ажилтнаа цомхотгохоор шийдвэрлэжээ. Энэ шийдвэр компаний дотоод уур амьсгалыг эрс өөрчлөхөд хүргэсэн юм. Утасгүй телевизорын загвар бүтээсэн Маэда Сатору нарын технологи бүтээгчид үүний эсрэг саналтай байв. Түүний бүтээсэн телевизороор нэвтрүүлэг үзэхээс гадна интернетэд холбогдох боломжтой, дэлгэц дээр даралт хийх замаар удирдагддаг, өөрөөр хэлбэл одоогийн таблет компьютерийн голлох онцлогуудийг агуулж байсан юм.


Тухайн үед зохион бүтээгчид завтай цагтаа бусад хүмүүстэй харилцан ярилцаж, олсон шинэ санаагаа бие даан бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх эхлэлийг тавихад чөлөөтэй байв. Гэтэл цомхотголын дараа шинэ зарчим үйлчлэх болж, зөвхөн удирдлагын зааварласан ажлыг л гүйцэтгэхийг шаардах болсон нь Сонигийн үйлдвэрлэлийн уламжлалт соёлыг устгахад хүргэжээ. Оногдсон ажлаас бусад зүйлсийн талаар бусадтай ярилцах нь зааварласан ажилд тооцогдохгүй учир түүнийг хорьсоноор ажилчдын чөлөөт сэтгэлгээг хязгаарласан юм.

Ашиг олох магадлал бага гэсэн шалтгаанаар утасгүй телевизорын хөгжүүлэлтийг 2007 онд зогсоосон байна. Маэда мөн онд Сонигоос халагдав. Ирээдүйн олон шинэ технологи боловсруулж байсан Технологи хөгжүүлэх судалгааны төвийг зардал бууруулах нэрээр 2008 онд хааж, захирал нь тэтгэвэртээ гарав. Үүгээр шинэ бүтээгдэхүүн төрүүлэх суурь бүтэц алдагдаж эхэлжээ. Идей захирал ч тусгаарлан, бие даасан компани байгуулсан байна.

2001 онд Хитачи 14700, Тошиба 18800, Панасоник 8000, Фужицү 16400, НЕК 6000 ажилтнаа тус тус халав. Ажилчдыг цомхотгохын тулд эхлээд өөрийн саналаар халагдах хүсэлтэй хүн байгаа эсэхийг асууна. Энэ тохиолдолд их хэмжээний тэтгэлэг авах учир хамгийн олон жил ажилласан, туршлагатай хүмүүс эхний ээлжинд халагдана. Энэ нь компаний өрсөлдөх чадварыг эрс бууруулах нөхцөл болдог. Халагдсан туршлагатай ажилчид ийм хүмүүсээр ангаж цангаж буй Хятад, Өмнөд Солонгос, Тайваний компаниудад ажиллах болж зах зээлд өрсөлдөгчдийг улам бүр хүчирхэгжүүлнэ.

Санхүүгийн хүндрэлээс гарахын тулд цомхотголын дараа авсан арга хэмжээ нь компаний нэрийн хуудас гэгдэж байсан телевизорын үйлдвэрлэлийн өртөгийг бууруулах явдал байв. Үүний үр дүнд 2012 он хүртэлх 6 жилийн хугацаанд LCD телевизорын үнэ 3 дахин буурчээ. Гэвч Самсунг, LG компаниуд зах зээлээ эрчимтэй тэлснээр тухайн үед зах зээлд томоохон байр суурь эзлэж байсан Шарп хүнд байдалд оров. Самсунгийн хямд телевизорууд худалдаанд гарах болсоноор зах зээлд эзлэх хувь 2005 онд тэнцэж 27.5% болсон бол өнгөрөгч онд Шарпынх 10.7% болж буурчээ.

Шарп дэлхийн хамгийн анхны хар цагаан телевизор, электрон тооны машинаас авахуулаад үргэлж бие даасан технологи боловсруулсаар иржээ. Энэ уламжлалаа хадгалж 2007 оноос хар хайрцагны бодлого баримтлах болов. Технологийн нууцыг гадны компаниудад алдахгүйн тулд ажилчидаа хүртэл хатуу чанд хянах болжээ. Тэгвэл Самсунг тэс өөр бодлого хэрэгжүүлж, өөрийнхөөс гадна гадны хямд, сайн технологийг маш хурдан авч хэрэглэх болсон байна. Тэд шинэ санаа, инновацид бус, бүтээгдэхүүнд хамаг анхаарлаа хандуулж байв. Харилцаа холбоотой бусад үйлдвэрлэгч, хангагч нар Самсунгийн үйлдвэрт чөлөөтэй нэвтэрч, бүтээгдэхүүнийг аль болох хурдан гаргахад саад болох асуудлуудыг газар дээр нь хамтран шийдвэрлэж байв. Тэд японоос ч технологи авч нутагшуулж байв.

Шарп орлого өндөртэй хэрэглэгчдэд зориулан 60 инчээс том дэлгэц бүхий телевизорийн үйлдвэрийг 2007 онд шинээр байгуулж, өрсөлдөөнд ялахыг оролдов. Самсунг хөгжиж буй орнуудад үйлдвэрүүдийг олноор байгуулан шинэ зах зээлдээ илүү ойртож байсан бол Шарпад ийм бодлого байсангүй. Хөгжиж буй орнуудын зах зээлд нэвтэрснээр хямд ажиллах хүчийг ашиглах, бүтээгдэхүүн түгээх сүлжээний зардлыг эрс бууруулах боломжтой байв. 2000-аад оны эхээр Самсунг бараг хэний ч танихгүй, хагас дамжуулагч үйлдвэрлэгч жижигхэн компани байсан бол 2005 онд LCD дэлгэцийн үйлдвэрлэлээр японы компаниудтай өрсөлдөх хэмжээнд хүрчээ. Япончууд үүнийг мэдрэх үед аль хэдийн оройтсон байв.

Япончууд аль болох сайн технологи бүтээж, зөвхөн хөгжингүй орнуудын зах зээлд өндөр үнээр борлуулах бодлого барьж байсан бол АНУ-ын банкны хямралын нөлөөгөөр бүтэлгүйтэв. Хямралын дараа Энэтхэг мэтийн хөгжиж буй улсыг онилсон боловч тэнд Самсунг аль хэдийн байр сууриа эзлэж, зах зээлийг атгасан байсан юм. Эдийн засгийн хямрал нь дижитал хувьсгалын дараагаар япончуудад цохилт болсон хоёр дах гадаад хүчин зүйл болжээ. Хямралын өмнө 1 доллар 120 иентэй тэнцэж байсан бол 80 иен хүрч, ханш 30%-иар буурав. Хэний ч тааварлаж чадаагүй энэ үйл явдал япон компаниудын санхүүгийн байдлыг хүндрүүлж, өрсөлдөх чадварыг эрс бууруулахад нэрмээс болжээ.

Сони компани сүүлийн 4 жил дараалан алдагдалтай ажиллаж, санхүүгийн байдал нь муудсаар байна. Зөвхөн 2011 онд гэхэд л алдагдлын хэмжээ 520 тэрбум иенд хүрэв. Японы компаниуд ч электроникийн салбарыг уналтад хүргэсэн алдаануудаасаа суралцан, дахин сэргэх шинэ төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна. Үүсгэн байгуулагдсанаас нь хойш нүүр царай нь болж ирсэн ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлийг өөрчлөн байгуулах явдал Сони компаний хувьд тулгамдсан асуудал болоод байна. Учир нь кино, дуу хөгжим, санхүү зэрэг бусад салбарууд ашигтай ажиллаж байхад зөвхөн ахуйн цахилгаан хэрэгслийн салбар 230 тэрбум иений алдагдалтай ажиллажээ. Ахуйн цахилгаан хэрэгслүүд дундаас телевизорын үйлдвэрлэл 8 жил дараалан алдагдалтай ажиллаж, алдагдлын хэмжээ 70 тэрбум иенд хүрэв.

Хамгийн их анхаарал татаж байгаа телевизорын салбарт өөрчлөлт хийхээс гадна дүрс боловсруулах технологи, тоглоом, үүрэн төхөөрөмжийн үйлдвэрлэлд анхаарлаа хандуулж судалгааны зардлын 70%-ийг зарцуулахаар шийджээ. Фото камер зэрэгт ашиглагддаг дүрс мэдрэх хагас дамжуулагч буюу мэдрэгчээр дэлхийн зах зээлийн хамгийн их 40%-ийг тус компани эзэлсэн хэвээр байна. Дүрс боловсруулах технологийн энэ суурь боломжийг ашиглан эмнэлгийн шинжилгээний дурангийн зах зээлд өндөр хувь эзлэдэг Олимпус компанитай хамтарч, шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар зах зээлээ өргөжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээрээс гадна өнгөрөгч оны сүүлээр засгийн эрхэнд гарсан Либерал ардчилсан намын эдийн засгийн шинэ бодлогын нөлөөгөөр иений ханш буурч, японы электроникийн үйлдвэрлэлийг дахин сэргээхэд "хонгилын үзүүрт гэрэл асааж" байгаа юм.

эх сурвалж, NHK

,

3 сэтгэгдэл:

тийм шүү, бага байхад үнэхээр япон гэж электрон барааны мангас юм шиг л мэддэг бүх "нэр"-үүд японых байсан. харин Самсунг улам л хүчирхэг болжээ.

хариулах...

Yoponii tehnologiin tejeegch oyunii ursgal ba amerikiin tejeegch usrgaluud tes uur zuils l dee. Azid yums ugaasaa haalttai bugshmal baidag tiimees ch azid yum usuh tsikl bogino ba unah tsikl udaan urgeljildeg baih.

хариулах...

хэрэгтэй мэдээлэл байна. баярлалаа

хариулах...

Сэтгэгдэл үлдээх