Хүйтэн дайны үеийн сансарын өрсөлдөөн - 1

Сансарын аялал нь удаан хугацааны туршид мөрөөдлөөс хэтрээгүй юм. Гэхдээ энэхүү мөрөөдлийг биелүүлэхийн төлөө хоёр эрдэмтэн өөрсдийн бүхий л амьдралаа зориулжээ. Тэдний нэг нь Сергей Павлович Королев юм. Түүнийг Зөвлөлтийн сансар судлалын хөгжлийн төлөө засан хүмүүжүүлэх газраас суллаж байв. Королевийн өрсөлдөгч нь Бернер Вон Браун. Хэдийгээр сансарын технологийн анхдагч гэж нэрлэж болох боловч түүнд нацист намын гишүүн хэмээх хар бараан өнгөрсөн түүх байв. Хоёр их гүрний өрсөлдөөнд татагдан орсон тэрхүү хоёр суутан технологийн хүлээсэнд баригдалгүйгээр сансарын аяллыг бодит байдал болгох гэрэлт ирээдүйг бүтээлцэж, түүхэнд дурсагдах томоохон сорилтуудыг давжээ.


1. Пуужингийн технологийн өрсөлдөөн 
1944 оны 9 сарын 8, дайнд ялагдаж эхэлсэн Гитлер тухайн үеийг хүртэлх түүхэнд байгаагүй хамгийн хүчирхэг, шинэ зэвсэгийг ашиглах тушаал өгчээ. Дууны хурднаас 4 дахин өндөр хурд бүхий Ви2 пуужин 320 км зайд байх Лондон хотод 6 минутын дотор хүрч, цохилт өгч эхлэв. Холбоотны армид тэрхүү хүчирхэг зэвсэгийг эсэргүүцэх ямар ч арга байсангүй. Иймд америкийн армийн хошууч Роберт Стеивэр Ви2 пуужингийн тухай мэдээлэл цуглуулахаар Лондонд иржээ. Үнэндээ Ви2 пуужин Холбоотны армийн технологиос 25 жилээр түрүүлсэн байв. Америкчууд Ви2 пуужинг тухайн үед шинээр бүтээж байсан цөмийн цэнэгтэй нэгтгэж түүхэн дэх хамгийн хүчтэй зэвсэг бүтээхийг зорьж байв. Пуужингийн технологи, хөөргөх системийн тухай ямар ч мэдлэггүй байсан Америк уг пуужинг зохион бүтээгчийн хамт Зөвлөлтчүүдийн гарт орохоос өмнө олзлон авахыг эрмэлзжээ.

Гэвч Зөвлөлтийн цэрэг илүү хурдан довтолж, Германы хойд нутагт Вон Брауны удирдаж байсан пуужигийн баазад ойртож очив. Тэд замдаа Польшийн газар нутгийг чөлөөлөх явцад германчуудын үлдээсэн Ви2 пуужинг олж, Москва луу илгээжээ. Ви2 хүчний хувьд оросын пуужингаас 2 дахин илүү, тракторыг 100 км өндөрт хөөргөх чадалтай байв. 1945 оны 2-р сараас хойд германы Пийнмундэд байрлах пуужингийн баазын ойролцоо германы дүрвэгсэд нүүдэллэж эхэлжээ. Төрөлх Герман улсын төлөө тулалдахаас татгалзсан хүмүүсийг Нацист намын цэргүүд (Schutzstaffel буюу Эс Эс) цаазлаж байв. Хэдийгээр хориглон байлдах тушаал авсан боловч технологийн нууцаа оросуудад алдахгүйн тулд Вон Браун пуужингийн баазын судлаачдыг нүүлгэн шилжүүлэхээр шийдсэн байна. Шаардлага багатай бичиг баримтуудыг шатааж устгажээ. Мөн цаазлуулахаас айлгүйгээр шилжилт хөдөлгөөний зөвшөөрлийн бичгийг хуурамчаар үйлдэж, газар нутгын төв хэсэгт байрлах пуужингийн үйлдвэрийг зорьжээ.


Түүний амь насаараа дэнчин тавьж, хамгаалсан бичиг баримтууд дунд алсын зайн пуужин, сансарын капсул зэрэг хүн төрөлхтөнг сансарт хүргэх зураг төслийн ноорог агуулагдаж байв. Вон Браун хүүхэд ахуй үеэс эхлэн сансар судлалд татагджээ. Түүний сонирхолд ихээхэн нөлөөлсөн бүтээл нь Хермон Обертийн зохиолоор бүтээгдэж, 1929 онд дэлгэцнээ гарсан "Сарны эмэгтэй" кино юм. Кинонд олон шатлал бүхий пуужин, дэлхийн тойрог зам зэрэг сансарын аялалын ирээдүйг илэрхийлсэн байв. Хүсэл сонирхолдоо хөтлөгдсөн залуу Вон Браун сонирхогчдын пуужин бүтээх бүлэгт элсчээ. Түүний төрөлхийн авъяас тун удалгүй шинэ зэвсэг бүтээх оролдлого хийж байсан нацистуудын анхааралд өртсөн байна. 1938 онд нацист намд элсэж, пуужингийн судалгаанд оролцох байрь сууриа нэмэгдүүлэхийн тулд Эс Эс-ийн офицер болжээ.

Вон Браун судалгааны багийн хамт замын шалгалтуудыг давж, шинэ байрлалд амжилттай хүрчээ. Тэр оросуудаас зугтаж чадсан боловч германы өмнөд зүгээс довтолж байсан америкчуудад илүү ойртож очсон байна. Тагнуулын мэдээлэл тэр дороо хошууч Стеивэрт хүрэв. Вон Браун ирсэн явдал Ви2-ийг ашиглан дайны явцад эргэлт хийх тушаал авсан Эс Эс-ийн бүлгийн ахлагч Ханс Хамлерт таатай хэрэг байв. Гитлерийн сүүлчийн найдвар болсон тэрээр хоногт 35 пуужин угсарч байсан үйлдвэрлэлийн хэмжээг 2 дахин ихэсгэв. Мөн Вон Брауны судалгааны ажлыг зогсоож, зөвхөн пуужингийн үйлдвэрлэлд оролцуулах болсон байна. 

1945 оны 3-р сард Зөвлөлтийн цэрэг Берлинд дөхөж байв. Нууц цагдаагийн газрыхан ч америкчуудаас өрсөж Вон Брауныг олзлохоор тэвдэж байв. Тэд Герман луу хэнийг явуулахад тохиромжтой талаар Зөвлөлтийн пуужингийн анхдагчдын нэг, тухайн үеийн судалгааны багийн удирдагч  Валентин Глушкогоос асуухад засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид хоригдож буй Королевийг нэрлэсэн байна. Зөвлөлтийн эсрэг гэмт хэрэгт холбогдсон хүний нэрийг ямар зорилгоор дэвшүүлж байгаа талаархи байцаалтад тэрээр "би өөрөө түүнийг илчилсэн" хэмээн хариулжээ. Сүүлд зөвлөлтийн сансар судлалын ерөнхий зохион бүтээгч гэгдэх болсон Королев тухайн үед Казан дахь КБ-39 хорих газарт 6 дахь жилдээ хоригдож байв. Тэр 1933 онд зөвлөлтийн анхны шингэн түлш бүхий пуужинг амжилттай хөөргөжээ. 

Королевийн зохион бүтээх авъяас чадвар Вон Браунтай эн зэрэгцэж, түүнтэй адил сансарын аялалыг мөрөөдөж байсан юм. Дайнаас өмнө Королев Глушко нар хамтран ажиллаж байсан боловч Сталины хэлмэгдүүлэлтэд өртөж, нууц цагдаагийхны тамлалтад орсон Глушко хамтрагчдаа "илчлэхээс" өөр аргаүй байдалд хүрсэн байна. Королев 10 жил хоригдох ял авсан бол тухайн үед хэдэн сая хүн хэлмэгдэн баривчлагдаж, алагджээ. Гэвч пуужингийн технологийг богино хугацаанд хөгжүүлэх шаардлага тулгарсан зөвлөлт улсад Королевын "хэрэг гарч", түүнийг Глушкогийн санал болон батлан даалтаар суллав. Улмаар Королев Глушко нарыг герман луу илгээнэ. 


1945 оны 4 сарын 1-нд америкчууд 20 км зайд ойртоод байгаа тухай мэдээлэл авсан Хамлер зөвхөн ойр зуурын гар ачаагаа аваад Апьпийн нурууг чиглэн хөдлөх тушаалыг Вон Браун нарт өгчээ. Тэд хэдийгээр устгах тушаал авсан боловч чухал шаардлагатай баримт, зураг төслийг ойролцоох хаягдсан уурхайн хонгилд нууж амжсан байна. Америкчууд удалгүй пуужингийн орхигдсон үйлдвэрт иржээ. Уул нүхлэн хийсэн хэдэн км урт үргэлжлэх хонгил-үйлдвэрт 500-аас олон тооны Ви2 пуужинг үлдээсэн байв. Мөн уулын урд талд байрлах пуужингийн үйлдвэрт ажиллагсдын хуаранд 6000 хоригдлын цогцосыг оршуулалгүйгээр ил задгай орхисон байжээ. Хэсэг хугацаанд хийсэн нарийвчилсан шалгалтаар тэнд амь үрэгдэгсдийн тоо 25 мянгад хүрсэн байна. Ви2 пуужингийн довтолгоонд өртөгсдөөс илүү олон хүн түүнийг бүтээлцсэнийхээ төлөөсөнд амь насаа алджээ.  

Тэр үед Королев Германд байв. Тэрээр зөвлөлтийн пуужингийн судалгааг ерөнхийд нь удирдах болсон бол Глушко хөдөлгүүрийн технологийг хариуцаж байв. Ви2 пуужингийн судалгаа хийх явцдаа Королев цаашдын насан туршийн өрсөлдөгч болох Вон Брауны тухай анх мэджээ. Вон Брауны байрлаж байсан хуучин еврейн байшинд үлдсэн баримт бичгүүд дунд түүний зураг байв. 1945 оны 4 сар 3, Эс Эс-ийхэн Альпийн нуруунд сүүлчийн хориглолт хийхээр шийдээд байв. Цөхрөлийн туйлд хүрсэн германчууд хамтрагчдаа ч итгэхээ больж, дайнд ялагдах үед өөрсдөө Эс Эс-ийнхны гарт алагдана гэдгээ мэдэж байв. Тэгвэл Ви2-ын үйлдвэрт америкчууд 100 пуужингийн эд ангийг салгаж байв. Хошууч Стивер дайны түүхэндэх хамгийн том тээврлэлтийг хийхээр бэлдэж байх үед Герман улсын газар нутгийг холбоотон улсууд хуваан хариуцах тухай мэдээлэл иржээ. Хэдхэн км-ээр зааглагдан пуужингийн үйлдвэр оросын харъяанд орох нь тодорхой болов. Тээвэрлэлтэд 100-аас олон тооны вагон шаардагдаж, гол замын гүүр дэлбэрэлтэд өртөж сүйрсэн зэрэг саад бэрхшээл тохиолдсон ч хилийн асуудал шийдэгдэх хүртэлх сар гаруй хугацаанд юутай ч хүссэн эд ангиудаа зөөвөрлөж амжжээ. 


1945 оны 5 сарын 1-нд эцсийн амьсгалаа хүртэл тулалдах тушаал Эс Эс-ийхэнд ирэв. Гэвч Вон Браун өөрийн багийн судлаачдын хамт зугтаж амсан байв. Герман улс үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурахыг зөвшөөрсөн тэр үед Вон Браун өөрийн мөрөөдлийг даатган АНУ-д дагаар орж байв. Тэрээр зөвхөн Ви2-оор зогссонгүй, өөр пуужингийн төслийг ч бас зохиож байжээ. Хэдийгээр тухайн үед зураг төслөөс хэтрээгүй байсан боловч 17 минутад 600 км өндөрт хөөрч, агаар мандлын заасан цэгээс газардах сансарын жолоодлогот нислэгийг төлөвлөсөн байв. 2-3 шатны хөдөлгүүр ашиглан, сансарын нисгэгчийг дэлхийн хүндийн хүчний үйлчлэлээс гаргаад зогсохгүй хангалттай хурд өгч, сарны адил дэлхийг тойрон эргэх боломжтой. Дэлхийг 90 минутад нэг удаа тойрч, цаашид сансарын станц байгуулж, одон орон, шинжлэх ухааны судалгааны эхлэлийг тавих боломжтой тухай Вон Браун америкчуудад байцаагдах үедээ ярьжээ. Гэхдээ нацист намын гишүүн, Эс Эсийн офицер байсан, мөн пуужингийн үйлдвэрт хоригдлуудыг ажиллуулах тухай мэдэж байсан зэрэг нь дайны гэмт хэрэгт тооцогдоно. Гэвч Вон Браун өөрийгөө жирийн нэгэн судлаач, миний оронд хэн ч байсан адил зүйл хийнэ гэжээ.

Америкчууд Вон Брауныг яллахаас түдгэлзэж, багийн гишүүд болон 100 пуужингийн эд ангийн хамт Америк луу шилжүүлэв. Харин оросууд үйлдвэрт ирэх үед Ви2 пуужингийн хэдхэн тооны хөдөлгүүр, залуурын төхөөрөмж үлдсэн байсан боловч технологийн нэг ч зураг төсөл байсангүй. 1945 оны 8 сарын 6-нд японы Хирошимад атомын бөмбөг дэлбэрснээр зөвлөлт шинэ айдастай нүүр тулах болно. Учир нь америкчууд цөмийн бөмбөгөөс гадна Вон Брауныг пуужингийн технологитой нь хамт гартаа оруулаад байв. 1945 оны 10 сарын 29-нд Вон Браун өөрийн багийн 100 гаруй гишүүний хамт Америкт ирж, армийн хяналтын дор Тексас мужийн цөлд орших цэргийн баазад байрлах болов. Гэвч тэд олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарав. "Дайны гэмт хэрэгтэн, нацистийн алуурчдыг эх орноо хамгаалуулахын төлөө импортлох ёсгүй" хэмээн парламентийн нэр бүхий гишүүн хүртэл мэдэгдэл хийж байв. 

Харин зөвлөлтчүүд америкт дагаар ороогүй пуужингийн судалгаанд оролцож байсан хүмүүсийг Ви2-ын үйлдвэрийн ойролцоох хотуудаар эрж, хэд хэдэн мэргэжилтэнг олжээ. Вон Брауны ойрын туслагчдын нэг Хелмит Гродруф Королевын багт нэгдсэнээр Ви2 пуужингийн хөдөлгүүрийг амжилттай ажиллуулж чадав. Гродруф германд үлдэх нөхцөлөөр шинэ багийн ахлагч болсон боловч Сталин өөр бодолтой байжээ. Тэр германчуудад талархах үдэшлэг зохион байгуулж, түүнд оролцох нэг ч орос хүн архи хэрэглэж болохгүй хэмээн тушаав. Өглөөний 3 цагт эсэргүүцэх чадваргүй болтлоо согтсон германчуудыг Зөвлөлт улсад илгээхээр ачааны машинд суулгажээ. Түүнээс хойш нийт 92 удаагийн тээвэрлэлтээр пуужигийн эд анги болон герман судлаач инженерүүдийн гэр бүлийг орост илгээв.

Энэ үед Сталин Королевийг дуудаж, германчуудаас аль болох их зүйлийг мэдэж авах, пуужингийн туулах зайг нэмэгдүүлэх үүрэг өгчээ. Ийнхүү Москвагийн ойролцоох үйлдвэрт германчууд Ви2 пуужингийн хэдэн мянган ангийн зургийг зурж эхлэв. 2 жилийн дараа зураг бэлэн болсон ч Королев аль хэдийн шинэ гэгдэхээ больсон технологиор Сталины хүслийг биелүүлж чадна гэдэгт эргэлзэж байв. 1948 оны 9 сарын 17-нд зөвлөлтөд үйлдвэрлэсэн анхны Ви2 пуужингийн туршилт хийх мөч ирэв. Гэвч пуужингийн хөдөлгүүр ассангүй. Туршилт бүтэлгүйтсэний хариуцлага цахилгаан хэлхээг хариуцаж байсан герман инженер Гинзбургт ирсэн боловч Королев түүнийг хамгаалж авч үлджээ. 2 дахь удаагийн туршилтаар пуужин амжилттай хөөрсөн боловч, агаарт дэлбэрэв. Королев Ви2-ын технологи хоцрогдсон тул төслийг тэгээс эхлүүлж, илүү хөнгөн, илүү хүчтэй пуужин бүтээхээр шийдэв. Шинэ загвар хэд хэдэн шатлалаас бүрдэнэ. Түлшний сав хоосрох үед түүнийг салгавал пуужин илүү хөнгөн болж, хол зайг туулна.

Королев шинэ пуужин зохион бүтээж эхлэх үед Вон Брауны байдал тийм ч сайн бус байв. Түүнийг германд буцаах ёстой гэсэн санал америк эрдэмтдийн зүгээс гарч байжээ. Удалгүй хоригдлуудыг үйлдвэрт ажилуулах санаа Вон Брауных байсан нь тодорхой болсон ч энэ тухай мэдээлэл америкын ард түмний сонорт хүрээгүй юм. 1949 оны 9 сарын 25-нд Королевийн шинээр бүтээсэн, дайны дараах зөвлөлтийн анхны P1 пуужинг хөөргөж туршив. Туршилт амжилттай болж, шинэ пуужин Ви2-оос 2 дахин хол, 500 км зайг туулав. Үүгээр Гродруф нарын герман инженерүүдийн үүрэг дуусгавар болж, тэд 3 сарын дараа нутаг буцжээ. Ийнхүү сансарыг эзэмшихэд чиглэсэн Хүйтэн дайн эхлэв. Засан хүмүүжүүлэх газрын хоригдол байсан хүн өрсөлдөөнд нэг алхам түрүүлсэн зөвлөлтийн хувьд үнэт зүйл нь болон хувирч, барууны халдлагаас сэргийлэх үүднээс түүний тухай бүхий л мэдээллийг нууцлах болжээ. Үүнээс хойш түүнийг зөвхөн "ерөнхий зохион бүтээгч" гэх болов.


үргэлжилнэ ...

,

ганцхан сэтгэгдэл:

АЛДАРТ ХҮМҮҮСДЭЭ, ОДОО ТЭР ӨРСӨЛДӨӨНӨӨ БОЛЬЖ ХАМТАРЧ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ

хариулах...

Сэтгэгдэл үлдээх