Хүйтэн дайны үеийн сансарын өрсөлдөөн - 2

Сансарын аялал урт удаан хугацааны туршид мөрөөдөл төдий зүйл байв. Гэвч түүнийг бодит байдал болгохын төлөө хоёр эрдэмтэн оюун ухаанаа хурцалж, түүхэн өрсөлдөөнд татагдан орсон юм. Дэлхийн 2-р дайны төгсгөл үед Америк, Зөвлөлт улсууд Германы пуужингийн технологийг олзлохын төлөө өрсөлдөв (эхний хэсгийг энд дарж уншина уу). Цаг үеэс хол түрүүлсэн пуужингийн суутан Бернер Вон Браун сансарт тэмүүлэх мөрөөдлөө биелүүлэхийн тулд Америкт дагаар оржээ. Вон Брауны өнгөрсөн түүхэнд пуужингийн үйлдвэрт хоригдлуудыг ажилуулж байсан зэрэг хар толбо цөөнгүй. Тэгвэл түүний үл мэдэх өөр нэгэн суутан, засан хүмүүжүүлэхийн хоригдол асан Сергей Королев Зөвлөлтийн пуужингийн технологийн гол хүн болсон тул түүний тухай бүхий л мэдээллийг нууцласан юм. Дайны дараа Европ тив төмөр ханаар тусгаарлагдаж, социалист зүүн, капиталист баруун хэсэгт хуваагджээ. Мөн Зөвлөлт Америк хоёр их гүрэн цэргийн технологийн өрсөлдөөнд нэгэн зэрэг орсноор хүйтэн дайн эхлэв. Тэдний аль аль нь эсрэг талаас ирэх цөмийн довтолгооны аюул заналаас болгоомжилж байсан юм.

 2. Хиймэл дагуулын өрсөлдөөн

1952 онд Америк улс хүн төрөлхтний түүхэнд хамгийн хүчтэй зэвсэг болох устөрөгчийн бөмбөгийг бүтээжээ. Зөвлөлт ч мөчөөгөө өгсөнгүй, дараа жилийн 8 сарын 12-нд мөн адил анхны туршилт хийснээр цөмийн зэвсгээр давуу байдал олохыг эрмэлзсэн өрсөлдөөн эхлэв. Энэ үед пуужингийн технологи хөгжүүлэлтийн багийн ахлагч Королевт 5 тонн жинтэй шинэ цөмийн зэвсэг хөөргөх чадалтай пуужин бүтээх үүрэг өгөгдсөн байна. Зөвлөлтчүүд цөмийн зэвсгийг анх нисэх онгоцоор тээвэрлэхээр төлөвлөж байсан ч онгоцны хурд харьцангуй удаан учир довтолгоонд амархан өртөх эрсдэлтэй байсан тул пуужинг сонгожээ. Хэрэв 8000 км зайг туулах чадал бүхий пуужин бүтээвэл цөмийн зэвсгийг Америкт хүргэж, эх орноо хамгаалах боломж бүрдэнэ. Королев цэргийн эрх мэдэлтнүүдийн хүслийг биелүүлэх замаар олон жилийн мөрөөдөл болсон сансарын аялалд дөхөж очино гэж найдаж байв. Сансарын аялалд хүрэхийн тулд эхлээд хиймэл дагуул хөөргөж, дараа нь сансарт хүн нисгэх ёстой. Королев энэ бүхнийг сайн мэдэж байсан ч нөгөө талд хүчтэй өрсөлдөгч байгааг ч бас мартаагүй байв. Харин бодит байдалд тэр өрсөлдөгч нь томоохон саадтай учирч, тулгамдаж байв.

Америкийн Хуурай Газрын Цэргийн Хүчинд ойрын зайн бага оврынхоос илүү хүчтэй пуужин бүтээхийг хориглосон хязгаарлалт тавигдаж, түүнд харъяалагдах Вон Брауны төлөвлөгөө хийсэн одоход ойрхон байв. Төсөв, санхүүжилт ч танагдаж, сансарын технологийн хөгжүүлэлт хоёрдугаарт тавигдах болсон байна. Мөн сайн мэргэжилтнүүдээ цалин хангамж өндөртэй хувийн компаниудад алдаж эхлэв. Энэ бүхэн илүү том пуужин бүтээж, хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөг нь үгүй хийхэд хүргэнэ. Үнэндээ сансарын технологийн ач холбогдлыг Вон Браун, Дисней суваг хоёроос өөр хэн ч ойлгохгүй байв. Харин Вон Брауны үл мэдэх өрсөлдөгч Королев шинэ пуужин бүтээх ажилдаа шамдан оржээ. Тухайн үеийнхээс 5 дахин илүү жинтэй ачааг 15 дахин хол зайд хүргэхийн тулд 2 дахин өндөр хурд, 20 дахин их хэмжээний энерги шаардагдана. Королев шинэ пуужин шинжлэх ухааныг дэвшилд хүргэнэ гэдгийг мэдэрч байв. Гэхдээ түүнийг бүтээхэд хэцүү. Пуужингийн амин сүнс болсон хөдөлгүүрийг бүтээхэд голлон оролцох ёстой цорын ганц хүн нь Королевыг хэлмэгдүүлэлтэд өртөхөд хүргэсэн Глушкогоос өөр хэн ч биш байв. Ганц хөдөлгүүрээр хангалттай хүчийг үүсгэхэд хүндрэлтэй, мөн ийм хөдөлгүүр бүтээхэд хэтэрхий их цаг хугацаа зарцуулна. Хэдийгээр Глушко эсэргүүцэж байсан ч Королевын саналаар 4 хөдөлгүүрийг зэрэгцээ угсарч, багцалсан хэлбэрийг ашиглахаар шийджээ. Р7 хэмээх шинэ пуужин аварга том хэмжээтэй болох тул Москвагаас 2000 км зайд орших Байконурт шинэ хөөргөх талбайг байгуулахаар төлөвлөжээ.


Харин Вон Браун хувь тавилантайгаа эвлэрэхийг хүссэнгүй. Цэргийхний анхаарлыг сансарын технологт чиглүүлэхийн тулд Волт Дисней Пикчерстэй хамтран америкийн нийт ард түмэнд шууд хандахаар шийджээ. "Хэдэн зуун км-ийн доор гэрэлтэх аварга бөмбөлөг шиг эх дэлхий амьсгалж байгаа мэт харагдана. Ногоон, шар өнгөөр хослох хойд америкийн эх газар цаст Роккийн нуруутай залгаж, цаахан талд нь далайн ус цэнхэртэн үзэгдэнэ. Дэлхийн бөмбөрцгийн шөнийн хэсэгт хотууд гэрлэн цэгүүд мэт гялтганаж, дэлхий өөрөө сансарын түнэр харанхуйн дунд хөвж байна. Бидний жинхэнэ зорилго бол сансарыг эзэмших явдал. Хэрэв америкчууд өрсөн хийхгүй бол энхтайванч бус өөр нэгэн улсад боломжоо алдана." Телевизийн нэвтрүүлгийн хамгийн оргил цагаар загвар ашиглан хийсэн Вон Брауны яриа сая сая хүний сэтгэлийг татаж, түүнийг хормын төдийд алдартан болгон хувиргав. Эрх мэдэлтнүүдийн хандлага ч түүнд ашигтайгаар эргэжээ. Зөвлөлтөөс түрүүлэн Америкчууд хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөө боловсруулж эхлэв. Хэдийгээр олон нийтэд шинжлэх ухааны зорилготой хэмээн танилцуулж байсан ч үнэн чанартаа цэрэг, тагнуулын үйл ажиллагаанд ашиглахаар төлөвлөжээ.

Америкчуудын энэ төлөвлөгөө Королевт хүнд цохилт болов. "Энэ янзаараа бол бид америкчуудад мөдхөн ялагдана, магадгүй сарын дараа Москвагийн дээгүүр тагнуулын хиймэл дагуул хөөрөх болно" гэж тэр уурсаж, Р7 пуужингаар хиймэл дагуул хөөргөх тухай санал гаргасан ч удирдлагууд хүлээн авсангүй. Харин Вон Браун өөрийн гараар хиймэл дагуул хөөргөхийн тулд боломжтой бүхнийг эрэлхийлж байв. Юуны өмнө Америкийн иргэншил авбал энэ боломж нээгдэнэ гэж боджээ. Вон Браун Америкт ирснээс хойш 10 жилийн дараа, 1955 оны 4 сарын 11-нд иргэншлээ авч, хиймэл дагуул хөөргөх эрхээ өвөртөллөө гэж бодсон ч эндүүрэл байв. "Америкчууд герман технологид тулгуурлаж, герман инженерийн бүтээсэн хиймэл дагуул хөөргөх нь тохиромжгүй, анхны хиймэл дагуулыг эх орны үйлдвэрийн пуужингаар хөөргөх ёстой" гэсэн яриа газар авснаар хиймэл дагуул хөөргөх ажлыг Далайн Цэргийн Хүчин хариуцахаар болжээ.

Боломж Вон Браунаас зугтсан бол Королевт ирж байв. Холын тусгалт пуужин америкт довтлох хамгийн тохиромжтой арга гэдгийг ойлгосон ерөнхий нарийн бичгийн дарга Хрушев 1956 оны 2 сарын сүүлээр пуужингийн төслийн явцыг үзэхээр иржээ. Глушкогийн зохион бүтээсэн хөдөлгүүр бүхий Р7 пуужин цөмийн цэнэгт хошууг тээвэрлэх хүчийг олсон байв. Хөөргөх үеийн жин 280 тонн, түлхэлтийн хүч 403 тонноос давах бодит хэмжээс бүхий туршилтын загварыг Хрушев үнэлжээ. Харин Королев энэ үед анхны хиймэл дагуулын загварыг үзүүлж, түүнийг ятгав. "5 тоннын жинтэй цөмийн цэнэгийг тээвэрлэхээс гадна өөр олон боломж Р7-д бий. Тухайлбал дэлхийн анхны хиймэл дагуулыг хөөргөж, зөвхөн цэргийн технологиос гадна шинжлэх ухааны түүхийг өөрчлөн бичих болно. Хиймэл дагуул цагт 29000 км хурдаар дэлхийг тойрон эргэж, бөмбөрцгийн аль ч цэгийг хянаж чадна. Хэрэв камер суурилуулбал америкчуудын бидэнд үзүүлэхийг хүсээгүй зүйлийг ч хялбар харах боломжтой." Хрушев хэсэг эргэлзсэн ч хиймэл дагуул хөөргөхийг зөвшөөрсөн байна. Хрушевийн зөвшөөрөл авсан Королев Объект-Д хэмээн нэрлэсэн хиймэл дагуулын төслийн ажилд шамдан оров. Төсөлд шаардагдах залуурын төхөөрөмж, телеметр, автомат удирдлага, хүч судлал, удирдлага хяналтын хэмжүүр зэрэг төрөл бүрийн чиглэлээр зөвлөлтийн олон байгууллага оролцох болжээ.

1950-аад оны дунд үеэс хүйтэн дайны цэрэг, зэвсгийн өрсөлдөөн ширүүсч, Америк, Зөвлөлт улс цөмийн зэвсгийн туршилтыг давтан хийх болов. Мөн цөмийн довтолгооны аюулаас сэргийлэх зорилгоор иргэний хамгаалалтын сургуулилт хийгдэх болов. Харин аюулгүй байдалдаа илүү их анхаарах болсон Америкийн засаг захиргаа Хуурай Газрын Цэргийнхэнд тавьсан хязгаарлалтаа зөөллөж, дунд тусгалын пуужингийн хөгжүүлэлт хийхийг зөвшөөрснөөр Вон Брауны "дэвжээнд гарах" ээлж ирсэн байна. 1956 оны 9 сарын 20-нд цэргийн зориулалттай Жупитер Си пуужингийн туршилтын мөч ирэв. Вон Брауны бүтээсэн уг пуужин хүчний хувьд Королевийн Р7-д хүрэхгүй ч жижиг хэмжээний хиймэл дагуул хөөргөх боломжтой байв. Далайн Цэргийхнээс өрсөж хиймэл дагуул хөөргүүлэхгүйн тулд аюулаас хамгаалахын төлөөлөгчдийн хяналтын дор явагдсан туршилтаар Жупитер Си пуужин 1100 км өндөрт хөөрч, 5370 км зай туулан америкчуудын хувьд шинэ дээд амжилт тогтоожээ. Тэгвэл Королевийн хиймэл дагуул хөөрөх эсэх нь Глушкогийн бүтээж буй хөдөлгүүрээс хамаарч байв. Гэвч түлшний хоолой хагарснаас хөдөлгүүрийн туршилт амжилтгүй болов. Глушко ч “Королевийн гаргасан багц хөдөлгүүрийн санаа хол явахгүй гэдгийг энэ удаагийн бүтэлгүй туршилт харууллаа” хэмээн гомдоллож байв. Королевт тулгарсан бэрхшээл зөвхөн хөдөлгүүрээр зогссонгүй. Oбъект Д-ийн эд ангиуд хэтэрхий хүнд жинтэй, мөн зураг төслөөс зөрөх тохиолдлууд ч гарчээ.


2 жилийн өмнө хоосон тал байсан газарт бүтээн байгуулалт явагдаж, 1957 оны 5-р сард Байконурын пуужин (сүүлд сансарын хөлөг) хөөргөх байгууламж ашиглалтад оров. Олон удаагийн бүтэлгүй оролдлогуудыг давтсаны эцэст Глушкогийн хөдөлгүүр бараг бэлэн болжээ. Хэрэв 32 хөдөлгүүр бүхий 280 тонн жинтэй аварга пуужингийн туршилт амжилттай хийгдвэл хиймэл дагуул хөөргөж, хүн төрөлхтөн сансар нэг алхам ойртох болно. Харин Америкийн Батлан Хамгаалах Яам хиймэл дагуул хөөргөх гэсэн Вон Брауны удаа дараагийн хүсэлтэд Жупитер Си-ийн амжилтыг үл харгалзан татгалзсаар байв. Вон Браун туршилтын үеэр пуужин дотор нууцаар дугтуй бүхий захидал байрлуулсан байв. Сүүлд пуужингийн үлдэгдлээс олдсон тэр захидал огт шатаж гэмтээгүй байсан нь хиймэл дагуул амжилттай хөөргөх боломжийг илтгэнэ. Вон Браун хэдийд ч хиймэл дагуул хөөргөхөд бэлэн байх үүднээс Жупитер Си пуужингийн үйлдвэрээс зарим эд ангийг авч нууцлахаар шийджээ. Энэ нь цэргийн шүүхэд дуудагдахад хүргэх гэмт хэрэгт тооцогдох боловч Вон Браун эрс шийдэмгий байсныг илтгэнэ. Яг тэр үед Королевийн пуужингийн туршилт эхлэхэд бэлэн болоод байв. Гэхдээ цорын ганц бэлтгэл ажил хийгдээгүй үлдсэн байсан нь оросуудын амжилт бэлэгдэх уламжлалт зан үйл буюу пуужингийн суурийг "шингэнээр мялаах" явдал байв. Гэвч хөөрснөөс хойш 90 минутын пуужин агаарт дэлбэрэв. Глушко "бид энэ удаагийн туршилтаар 32 хөдөлгүүрээ ямар ч үр ашиггүйгээр устгалаа. Манай үйлдвэрийн хүчин чадал ч хүрэлцэхгүй байна" хэмээн гомдол гаргажээ. 6-р сар гарах үед байдал улам дордож, төхөөрөмжийн гэмтлээс үүдэн пуужингийн туршилт гурван ч удаа цуцлагдав.

7 сард л арай ядан ээлжит туршилт хийж, пуужинг хөөргөсөн боловч 32 секундийн дараа дэмжих пуужингууд төлөвлөснөөс хурдан хугацаанд салснаас их бие дэлбэрэв. Хэд хэдэн удаагийн бүтэлгүй туршилтын эцэст Королевт сүүлчийн боломж олгож, хэрэв дахин амжилтгүй болвол төслийг өөр хүнд хариуцуулах тухай удирдлагаас хатуу анхааруулжээ. Королев энэ үед анх төлөвлөж байсан хиймэл дагуулыг үндсээр нь өөрчилсөн байв. Объект Д-гээс бүрмөсөн татгалзаж, 83 кг жинтэй шинэ загварыг 1 сарын дотор бүтээсэн байв. Спутник хэмээн нэрлэсэн шинэ хиймэл дагуул тун энгийн бүтэцтэй, долгион үүсгэгчээс өөр ямар ч нэмэлт төхөөрөмж агуулахгүй. 6 дахь удаагийн туршилт Королевийн хувьд цорын ганц боломж бөгөөд Р7 пуужинг амжилттай хөөргөх эсэх, хиймэл дагуулыг тойрог замд оруулж чадах эсэх, түүний сансарын замнал (карьер), сансарын мөрөөдөл үргэлжлэх эсэх нэг зэрэг шийдвэрлэгдэх ёстой байв. 1957 оны 10 сарын 4-ний оройн 10 цаг 28 минутад хөдөлгүүр асч, Р7 пуужин амжилттай хөөрөв. Харин хиймэл дагуул тойрог замд орсон эсэхийг 90 минутын дараа л мэдэх болно. Москвагийн цагаар шөнийн 0 цаг 3 минутад хиймэл дагуулын дохиолол ирж, Спутник хүний гараар бүтээгдсэн зүйлс дундаас хамгийн анх дэлхийг тойрон эргэж эхлэв. Спутникийг тойрог замд оруулсан Р7 пуужин төлөвлөсний дагуу 6000 км зам туулж, Сибирт хүрчээ. Энэ нь Америкт хүрэхэд хангалттай зай байв.


Дэлхийн анхны хиймэл дагуул хөөргөсөн тухай Зөвлөлтийн засгийн газрын мэдэгдлийг сонссон Вон Браун; "Хэрэв бид Жупитер Си-г ашигласан бол 1 жилийн өмнө хиймэл дагуул хөөргөж чадах байсан. Далайн цэргийхэнд найдаж байгаа бол тэд яасан ч  бүтэлгүйтнэ, харин бидэнд даалгавал 60 хоногт л хийж чадна" гэсэн байна. Мөн "бид энэ технологийг тив алгасах баллистик пуужин тээвэрлэх зэрэг төрөл бүрийн зэвсэглэлд ашиглах чадна" хэмээн Зөвлөлтийн Батлан Хамгаалахын сайд Г. Жуков хиймэл дагуул хөөргөсний дараахан мэдэгджээ. Зэвсэглэлээр тэргүүлэх байр сууриа алдсан Америкчууд үймж байх хооронд Королев аль хэдийн хоёр дахь Спутникийг хөөргөх бэтгэлээ хангаж байв. Энэ удаад амьд амьтан суулгаж хөөргөх болно. Лайка нэртэй нохойг капсулд хөдөлгөөнгүй бэхлэж, түүнийг холбосон Р7 пуужинд түлш хийв. Эхний Спутник хөөрснөөс хойш дөнгөж 4 долоо хоногийн дараа, 1957 оны 11 сарын 3-нд Королев сансарт анх удаа амьд амьтанг амжилттай хөөргөжээ. Лайка нохой пуужинг хөөргөснөөс хойш 5 цагийн дараа үхсэн гэдэг. Уг үйл явдлыг америкийн амьтны эрхийг хамгаалагчид амьтны эсрэг хийсэн том гэмт хэрэгт тооцож байжээ.


Хоржоонтой нь америкчууд сансарын технолгиор тэргүүлэх байр сууриа алдсаны хариуцлагыг Вон Браунаас нэхэж байв. "Биднийг америкт ирсэн цагаас эхлэн хангалттай төсөв нэг ч удаа өгч байгаагүй, америкчууд бидний чадавхийг ашиглахыг хүсээгүй, ийм нөхцөлд намайг ажиллуулж байсан арми өөрөө хариуцлага үүрэх ёстой бус уу." Вон Браун бодит байдлыг тайлбарлаж, үүрэх ёсгүй хариуцлага хүлээгээгүйгээр барахгүй хиймэл дагуул хөөргөх зөвшөөрөл авч чадав. Гэхдээ Далайн Цэргийнхний дараа хөөргөх нөхцөл заажээ. Вон Браун хэдхэн долоо хоногийн давчуу хугацаанд амжиж дохиолол үүсгэгч, судалгааны төхөөрөмжүүдээр тоноглосон Эксплорер хиймэл дагуулыг бүтээсэн байна. Харин Далайн Цэргийхэн шалдаа буусан нэр хүндээ аврахын тулд яарч байв. Нэг ч удаа туршиж байгаагүй Вангаард пуужингаар хиймэл дагуул хөөргөх ажиллагааг телевизээр шууд дамжуулж, түүхэнд байгаагүй их дуулиан шуугиан болгожээ. Гэвч пуужин сууринаасаа 1м хөндийрэх үед дэлбэрч, зөвхөн хиймэл дагуулын хэсэг л бүтэн үлджээ. Хиймэл дагуул сансараас бус, дөнгөж хажууханд байх газрын гадаргаас дохиолол илгээж эхэлсэн байна.

Харин Вон Брауны хувьд Эксплорерийг хөөргөхөд 1-р сарын сүүлчээр 3-хан хоногийн хугацаа оногдов. Хэрэв энэ хугацаанд амжихгүй бол дараагийн өдөр нь Далайн Цэргийнхний 2 дахь удаагийн оролдлого төлөвлөгдсөн байжээ. Эксплорер тойрог замд амжилттай орж чадвал шинжлэх ухааны судалгаа хийх боломжоороо Королевийн Спутникээс давна. 1958 оны 1-р сарын 28, Вон Брауны хувь тавиланг шийдэх 3 хоногийн өмнөхөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг мэдээллээр хангах зорилгоор түүнийг Вашингтонд дуудав. Иймд тэр хиймэл дагуул хөөргөх ажиллагаанд зөвхөн телефоноор дамжиж оролцох болжээ. 3 хоногийн эхний 2 өдөр нь цаг агаарын тааламжгүй байдлаас үүдэн пуужинг хөөргөх боломжгүй болов. Харин сүүлчийн өдөр цаг агаарын мэдээгээр салхины хурд багасч, хөөргөлт хийх боломжтой болсон тухай хамтрагчид нь Вон Браунд утсаар мэдээлжээ. 1 сарын 31-ний өдрийн 10 цаг 48 минутад, Королевийн Спутникээс хойш 4 сарын дараа Вон Брауны пуужин юутай ч амжилттай хөөрөв. Харин Эксплорер хиймэл дагуул тойрог замд орсон эсэхийг 90 минутын дараа Калифорнийн ажиглалтын төвийн дээгүүр нисэн өнгөрөх үед л мэдэх боломжтой. Төлөвлөсөн хугацаа болж, тус төвтэй холбоо барихад дохиолол хүлээн аваагүй байв. Гэвч хэдэн минутын дараа Вон Брауныг ялагдлаа бараг л  хүлээн зөвшөөрч байх үед хиймэл дагуул тойрог замд орсон тухай мэдээ иржээ. Хугацаа хожимдсон шалтгаан хиймэл дагуул төлөвлөснөөс илүү өндөр тойрог замд шилжсэнээс байв. Вон Брауны хиймэл дагуул ийнхүү амжилттай хөөрөв. Харин түүний үл таних өрсөлдөгч энэ тухай дуулаад "Америк яг л сансар луу чиглэн уралдах мэт биднийг нэхэн ирж чадлаа, мэдээж энэ уралдаанд бид л ялах болно" гэжээ.


үргэлжилнэ ...

,

2 сэтгэгдэл:

Үнэхээр сонирхолтой түүх байна.

хариулах...

Маш сонирхолтой.Баярлалаа

хариулах...

Сэтгэгдэл үлдээх