Квант механикийн тухай

Хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн туршид орчлонгийн нууцыг тайлахаар эрмэлзэж ирсэний эцэст бид одод, галактикийн тухай хангалттай мэдлэгтэй болов. Мөн сансар огторгуйн бүхий л юмс нэгэн адил хуулинд захирагдан хөдөлдөгийг тодорхойлов. Гэвч 100 гаруй жилийн өмнөөс тэрхүү хуулинд харшлах шинэ хууль нээгдэж, орчлонгийн үзэгдлүүд тодорхойгүйд захирагдана хэмээх санаа голлох болов. Бидний судлах болсон бичил ертөнцөд алс холын сансар огторгуйнхаас тэс өөр хууль үйлчилж байв. Энэ бол квант физикийн хууль юм. Энэ хууль бүхий л материйг бүрдүүлэгч атом, бөөмсийн орчинд үйлчилнэ. Тэгвэл од гариг, тэр ч байтугай хүмүүс бид ч атомаас, бөөмсөөс бүрддэгийг мартаж болохгүй. Шинжлэх ухааны түүхэнд өнөөдрийг хүртэл физикийн янз бүрийн хуулийг нээжээ. Гаригс одыг тойрон эргэх, шидсэн чулуу тойрог замын дагуу хөөрөхөөс авахуулаад усны гадарга дагуу тархах долгионы тархалтын хууль гэх мэтчилэн. Иймэрхүү сонгодог механикийн томъёоллын дагуу янз бүрийн үзэгдлийг тодорхой байдлаар урьдчилан хэлж чадна. Гэвч 100 жилийн өмнө гэрлийн гайхалтай шинж чанарыг анзаарсан эрдэмтэд түүнийг сонгодог механикийн хуулиар тайлбарлаж чадсангүй.

Шилэн хоолойд байрлах хийг халааж гэрэлтүүлэх туршилт хийх үед призмээр дамжин харагдах гэрэл нь хэний ч таамаглаж байгаагүй төрхийг үзүүлж эрдэмтэдийг гайхашруулжээ. Халсан хийнээс ялгарах гэрэл бие даасан ямар нэгэн өнгө бүхий шугам хэлбэрийн гэрлийн спектр хэлбэртэй байв. Өнгө өнгийн гэрлэн шугамын нууцыг тайлахаар зорьсон 20-р зууны эхэн үеийн эрдэмтэдийн дунд голлох байр суурийг эзлэх хүн бол Нилс Боор юм. Судалгааны хамтрагчидтайгаа ширээний теннис тоглонгоо онолын талаар хэлэлцэх дуртай байсан Боор нууцыг тайлах түлхүүр атомын бүтцэд байна гэдэгт итгэлтэй байв. Атомын бүтэц нарны аймагтай төстэй, электронууд атомын цөмийг тойрон эргэнэ гэсэн түүний санаа тухайн үеийн физикийн хуулиудтай зөрчилдөх болов. Электрон цөмийг тойрон эргэхдээ ямар нэгэн тойрог замаар хөдлөх ёстой. Гэхдээ атомд дулааны энерги өгөгдөх үед электрон эргэж байсан тойрог замаасаа гарч, өөр тойрог замд үсрэх мэт шилдэг хэмээн Боор дүгнэжээ. Харин электроны шилжилтийн үед энерги ялгарч, ямар нэгэн долгионы урт бүхий гэрэл болон харагддаг байна. Энэ үзэгдлийг квантын үсрэлт гэнэ. Хэрэв энэ үзэгдэл үгүй бол энергийн өөрчлөлтөөс үүсэх гэрэл сарниж харагдах ёстой. Квантын үсрэлт нь атомыг бүрдүүлэгч электроны онцгой шинж чанараас үүдэлтэй үзэгдэл байв.


Бөөм хэмээх материйн хамгийн жижиг нэгжид тооцогдох электроны хөдөлгөөний энерги шатласан бус салангид байдлаар (дискрет) өөрчлөгдөнө. Иймд электрон нэг тойрог замаас нөгөөд үсрэн шилжинэ. Туршилтаар Боорын санаа зөв гэдэг нь батлагдав. Электрон гариг болон теннисний бөмбөгнөөс тэс өөр хуулинд захирагдаж байв. Гэвч Боорын итгэл үнэмшил төрүүлэхүйц нээлт ихээхэн эсэргүүцэлтэй тулгарахын хамт алдарт Энштэйнтэй сөргөлдөхөд хүргэнэ. Эйнштэйний онолтой зөрчилдөх квант механикийн онол 1920-оод оны үеэс хүчтэй хөгжих болов. Квантын мөн чанарыг илүү тодорхой болгосон үйл явдал нь сүүлд өргөнөөр танигдах болсон хос нүхний туршилт юм. Туршилтыг бидэнд ойр жишээ болох боулингээр төлөөлөн хийе. Боулингийн замд хос босоо нүх бүхий саад, цаад талд нь дэлгэц байрлуулъя. Бөмбөг шидэх үед хос босоо нүхний аль нэгээр гарах, эсвэл хоорондын саадыг мөргөж буцах гэсэн хоёр хувилбар бий. Харин нүхээр гарсан бөмбөгнүүд нүхний эгц ар талын дэлгэцний нэг л хэсгийг мөргөх ёстой. Хос нүхний туршилт үүнтэй төстэй бөгөөд хос нүхээр гарсан электронууд боулингийн бөмбөгнөөс тэс өөр үр дүнг үзүүлжээ. Электронууд зөвхөн нүхний харалдаа бус, босоо шугамууд мэт орыг дэлгэцийн бүх хэсэгт үлдээж байв. Энгийн ойлголтоор нүхний хоорондын саадыг мөргөсөн электрон дэлгэцэнд хүрч, ул мөрөө үлдээх ёсгүй. Туршилт эрдэмтэдэд танил нэгэн зүйлийг санагдуулсан нь долгион байв. Хос нүх бүхий саадыг чиглүүлэн усыг давалгаалуулахад хоёр нүхээр гарсан давалгаа саадын цаана нэгдэж том жижиг давалгаа үүсгэх, зарим нь нэгнээ уусгах үзэгдэл ажиглагдана. Харин дэлгэцэнд хүрэх давалгааны ул мөр зэрэгцээ байрласан хээ мэт харагдана. Үүнийг долгионы интерференцийн тархалт гэдэг.



Электрон юуны учир долгионтой адил интерференцийн тархалтыг үзүүлнэ вэ? Долгион бөөм хоёр өөр өөр зүйл. Далай бөөмөөс бүрддэг ч далайн давалгаа бол бөөм биш. Далайн эргийн чулуу чулуу болхоос биш долгион биш. Харин давалгаа бол долгион. Электрон бөөм үү долгион уу гэдгийг мэдэхийн тулд өөрсдийн бодлоо бага зэрэг өөрчлөх шаардлага тулгарав. Бидний бөөм гэж итгэж байсан электрон бөөмийн ч долгионы ч шинжийг давхар агуулж байв. Улмаар физикч Макс Борн долгионы шинж чанарыг илэрхийлэх Шредингерийн тэгшитгэлд тулгуурлан цоо шинэ тайлбар хийжээ. Дэлгэц дээр долгион мэт ул мөр үүсгэсэн зүйл бол бөөм ч бус, долгион ч бус, физикийн шинжлэх ухаанд огт байгаагүй цоо шинэ зүйл буюу магадлалын долгион хэмээн нотложээ. Энэ нь электрон оршин байх магадлал өндөртэй дэлгэцийн хэсэгт долгионы ул мөр тод байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл электроны тоо, байрлал бус түүний оршин байх магадлалын тухай яриа юм. Борны онол хэдийгээр магадлал боловч электроны байрлалыг үнэн зөв зааж, олон ч удаагийн туршилтаар батлагджээ. Магадлалыг ойлгоход туслах бидний өдөр тутмын энгийн жишээ нь казино юм. Хэрэв та рулетийн 29 дугаарт 20 долларын бооцоо тавьбал казино таныг хэзээ хожихыг мэдэхгүй. Гэхдээ 38 удаа бооцоо тавихад та 1 удаа хожиж магадлалтай. Харин хэдэн мянган удаа тоглоход нийлбэр дүнгээр казиногийн тал заавал илүү олон хожсон байна. Казино тоглоомын үр дүнг тодорхой мэдэх шаардлагагүй. Гэхдээ хэр зэрэг өндөр магадлалтайгаар таныг хожиж чадахаа төсөөлж чадна. Үүнтэй адил орчлонгийн бүхий л матери тодорхой байдалд бус магадлалд захирагдаж байгааг квант механикийн онол бидэнд нотлож өгөв.

Бүхий л орчлонг магадлалаар тайлбарлах боломжгүй гэж үзэх хүмүүсийн нэг нь Эйнштэйн байсан юм. Одод гаригсын хөдөлгөөнийг нарийвчлан тодорхойлох харьцангуйн онолоор нэрд гарсан түүний хувьд юмс буюу материйн шинж чанарыг тохиолдлын чанартай гэх нь итгэмээргүй зүйл байсан тул "бурхан хэзээ ч шоо хаядаггүй юм" гэж хэлж байжээ. Гэвч электрон болон бөөмсийн харилцан үйлчлэлийн магадлалыг найдвартай тодорхойлж байсан тул олонхи эрдэмтэд квант механикийг дэмжив. Сүүлд энэхүү онолд тулгуурласан шинэ шинэ нээлтүүд хийгдэж, лазер, транзистор, интеграл хэлхээ зэрэг электроникийн салбарын олон шинэ бүтээлүүд төрөн гарсан юм. Гэвч квант механикт өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй асуудлууд бий. Үүний нэг нь "ажиглалт хийх хүртэл бөөмийн шинж чанарыг тодорхойлох боломжгүй" гэсэн Нилс Боорын тайлбар юм. Тухайлбал хос нүхний туршилтын үед электрон дэлгэц хүртлээ орон зайн аль хэсэгт байгааг тодорхойлох боломжгүй. Зөвхөн ажиглалтаар л электроны байрлал тодорхой болно. Бөөмийг ажиглаж, түүний байрлалыг хэмжих үед түүнээс бусад байрлалд байх магадлал үгүй болж, бөөм ажигласан байрлалд тодорхойлогдоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл магадлал төдий байсан бөөмийн байрлалыг ажиглах, хэмжих гэсэн үйлдэл шийднэ. Яагаад ажиглах буюу харж байгаа эсэхээс хамааран материйн төлөв байдал өөрчлөгдөнө вэ.


Мэргэжлийн үүднээс тайлбарлавал ажиглалт хийхийн тулд системтэй харилцан үйлчлэх хэрэгтэй. Тухайлбал бөмбөгөнд гэрэл өгөх үед тэр нь ойж, бидний нүдэнд харагдсанаар (хэмжих багажид мэдрэгдсэнээр) түүнийг ажиглаж чадна. Харин бичил ертөнцийн бөөмд гэрэл тусгах нь асуудал биш боловч гэрлийг буцааж ойлгох гэсэн үйлчлэл нь бөөмийн байрлалыг шийдэхэд хүргэдэг байна. Гэрлийн бөөм фотон ажиглахыг хүссэн бусад бөөмстэй бараг адил хэмжээтэй учир тэдгээрт үзүүлэх нөлөө хэтэрхий их байдаг ажээ. Гэхдээ энэ нь эргэлзээнд бүрэн хариулт өгөхгүй. Гэрлийн бөөм юуны учир ажиглахыг хүссэн бөөмийн чиглэлийг өөрчлөхгүй байна вэ, юуны учир бөөмийн шинж чанарыг өөрчлөхөд хүргэнэ вэ. Шуудхан хэлэхэд шалтгаан нь тодорхойгүй. Энэ бол квант механикийн үндсэн нууц юм. Тодорхойгүй байдал хэмээх орчлонгийн үндсэн шинж чанарыг Боор хүлээн зөвшөөрсөн бол Эйнштэйн тодорхой байдалд илүү үнэнч байв. Тэрээр "намайг харсан ч, хараагүй ч сар байдаг газраа л байна, квант механик мэтэд үнэмших нөхцөл алга" гэжээ. Эйнштэйн квант механикт ямар нэгэн дутуу зүйл байгаа, ажиглалтаас гадна бөөмийн шинж чанарыг тодорхойлох нөхцөл байх ёстой гэж бодож байсан ч түүнтэй санал нийлэх физикчид тийм ч их олон байсангүй.

1935 онд Эйнштейн квантын орооцолдоон (quantum entanglement) хэмээх үзэгдлийг тайлбарлаж, квант мехникийн сул талыг илрүүллээ хэмээн зарлажээ. Квантын орооцолдоон нь тухайн үед онолд тулгуурласан таамаглал байв. Хос бөөмс харилцан үйлчлэх үед тэдгээрийн эргэлт, байрлал болон бусад шинж чанарууд орчин үеийн шинжлэх ухаанд үл мэдэгдэх харилцан үйлчлэлийн нөлөөгөөр холбогддог. Ийм хосын нэгт хэмжилт хийсэн даруйд нөгөөгийнх нь шинж чанар шийдэгдэнэ. Тухайлбал орооцолдсон бөөмийн нэгийг цагийн зүүний дагуу эргүүлвэл нөгөөх нь эсрэг эргэж эхлэнэ гэсэн үг. Мөн энэхүү үзэгдэл бөөмсийг алс хол, бүр хэдэн тэрбум гэрлийн жилийн зайд байрлуулсан ч хүчин төгөлдөр байна. Өөрөөр хэлбэл мэдээлэл орооцолдсон бөөмсийн нэгээс нөгөөд гэрлээс ч илүү хурдан, хормын төдийд хүрдэг болж таарна. Эйнштэйн энэхүү үзэгдлийг утга учиргүй зүйл гэж үзжээ. Хэрэв тийм холбоо байлаа ч тэр нь илүү энгийн зүйл байх ёстой гэж бодож байв. Эйнштэйний үзлийг бээлийгээр төлөөлүүлэн тайлбарлаж болно. Хос бээлийг нэг нэгээр нь хайрцаганд хийж нэгийг гэртээ, нөгөөг өмнөд туйлд байрлуулъя. Тэгээд гэртээ байгаа хайрцагийг нээж үзэхэд зүүн гарын бээлий байлаа гэж төсөөлье. Энэ мөчид өмнөд туйлд байгаа хайрцаганд баруун гарын бээлий байгааг мэдэж болно. Энэ бол тун энгийн зүйл бөгөөд бид бээлийг харсан ч хараагүй ч түүнд нөлөөлж чадахгүй. Бээлийг анх хайрцаганд хийх үед аль гарын бээлий аль хайрцаганд орох нь нэгэнт шийдэгдсэн. Үүнтэй адил үзэгдэл орооцолдсон бөөмст ажиглагдана, өөрөөр хэлбэл бөөмсийг салгаж холдуулах үед тэдгээрийн шинж чанар аль хэдийн шийдэгдсэн байна гэж үзжээ.


Боорын зөв үү, эсвэл Эйнштейний зөв үү? Онолын мэтгэлцээн удаан хугацаанд шийдэлд хүрч чадсангүй. "Орооцолдсон бөөмсийг салгах мөчид тэдний эргэлтийн чиглэл шийдэгдэнэ" хэмээн Эйнштэйн нотлов. "Баталгаа нь хаана байна" хэмээн асуувал "ажиглаад мэдэхгүй юу" хэмээн Эйнштэйн хариулав. Тэгвэл Боор "ажиглалтаар л бөөмийн эргэлтийн чиглэл шийдэгдэнэ" хэмээн зөрүүдлэв. Хариултыг хэн ч олж чадсангүй, мэтгэлцээн тахиа өндөг хоёрын анхдагчийг эрэх философийн төгсөшгүй маргаантай адил зүйл болон хувирчээ. Эйнштэйн 1955 онд насан эцэслэх хүртлээ квант механикаар орчлонг тайлбарлаж чадахгүй гэдэгт итгэсээр байсан гэдэг. 1967 онд Колумбийн их сургуульд нэгэн залуу физикч судалгаа хийж байв. Докторын зэрэг хамгаалахаар суралцаж байсан Жон Клаузерийн квант механикийн мэдлэг тийм ч сайн байсангүй. Гэвч номын санд олж харсан өгүүлэл нь түүнийг томоохон нээлт хийхэд хүргэжээ. Белийн өгүүлэлд орооцолдсон бөөмсийн нарийн нягт холбоог илрүүлэх аргын тухай таамаглалыг агуулсан байв. Хэрэв энэ таамаглалыг батлавал Эйнштейн Боор нарын мэтгэлцээнийг эцэслэнэ. Белийн санааг шалгахаар орооцолдсон бөөмсийг олноор үүсгэж, эргэлтийг нь хэмжих төхөөрөмж бүтээсэн Клаузер Боорын онолд ойрхон гарсан туршилтын үр дүнд эрс эргэлзэв.

Хэдэн жилийн дараа физикч Алан Аспект илүү нарийвчилсан туршилт хийж, онолын сөргөлдөөнийг эцэслэхэд дөхөж очжээ. Хос бөөмийн хооронд мэдээлэл хормын төдийд дамжихын тулд гэрлээс хурдан дохиолол хэрэгтэй. Хэрэв Эйнштейний онолын дагуу гэрлээс хурдан зүйл үгүй гэж үзвэл бөөмсийн алсын зайн харилцан үйлчлэл бий гэдгийг нотлоно. Хоёр эрдэмтний туршилтаар Эйнштейний үгүйсгэсэн квантын орооцолдоон бодит зүйл, квант мехник үнэн зөв онол болох нь нотлогдов. Хос бөөмийн нэгэнд ажиглалт хийж чадвал алс хол байгаа нөгөөд хормын төдийд нөлөөлж чадна. Хэдийгээр уг үзэгдлийн нарийн учир тодорхойгүй байгаа боловч бидний амьдралд ашиглах боломжийг нээжээ. Энэ нь биетийг алс хол зайд хормын төдийд илгээх телепортаци юм. Физикч Антон Зэйлингэр африкийн Ла Палма аралд гэрлийн бөөм фотоныг телепортаци хийлгэх туршилт хийж байна. Туршилтын зарчим нь лабораторт орооцолдсон хос бөөм үүсгэснээр эхлэнэ. Хосын нэгийг лабораторт үлдээж нөгөөг 144 км алслах Тэнэрифэ арал руу лазераар илгээнэ. Дараа нь телепортаци хийх фотоныг бэлдэж, лабораторт үлдсэн хос бөөмийн өрөөсөнтэй нэгтгэнэ. Бөөмийн нэгдэлд хийсэн хэмжилтийн үр дүнг Тэнэрифэ аралд байгаа судлаачдад мэдэгдэх үед тэнд байгаа хосын өрөөсөн бөөмийн нэгдлийн хуулбар болон хувирсан байна. 3 дахь бөөм фотон далайг туулан очсон бус телепортацийн үзэгдлийн нөлөөгөөр шилжсэн байна. Зэйлингэр 1000 гаруй удаагийн туршилтаар фотоныг амжилттай телепортаци хийлгэжээ.


Хүмүүс бидний бие бөөмсөөс бүрдэх учир телепортаци нь онолын хувьд боломжгүй зүйл биш юм. Таныг Парис хот руу телепортациар илгээе. Үүний тулд гурван капсул хэрэгтэй бөгөөд энд байгаа хос капсулын нэгэнд байх бөөмс Парист байгаа капсул дахь бөөмстэй орооцолдсон байна. Хос капсулын хоёр дахь нь сканнерийн адил үүрэг гүйцэтгэж, таны биеийг бүрдүүлэх үй олон бөөмсийн мэдээллийг унших үед, нөгөөд байгаа орооцолдсон бөөмстэй харьцуулалт хийгдэнэ. Энэ мөчид квантын орооцолдоон үүргээ гүйцэтгэж, таны биеийн бөөмсийн мэдээллийг парис дахь капсулд дамжуулснаар тэнд таны биеийн мэдээллийн дагуу бөөмс угсрагдана. Харин энд байгаа таны бие задрана. Телепортаци хийх үед үндсэн бие задарч нэйтрон, протон, электрон мэтийн бөөмс болон хувирах нь квантын протоколын дагуу тодорхой зүйл юм. Энэ нь хүний биеийг телепортаци хийж болох эсэхэд эргэлзэхэд хүргэнэ. Парист байгаа таны бие жинхэнэ та хэвээрээ байж чадах уу. Тэр таны хуулбар төдий зүйл биш гэдэгт итгэлтэй байж чадах уу. Асуултын хариу тахиа өндөгний адил философийн маргаанд хүргэнэ. Зэйлингэрийнхээр бол үндсэн биеттэй адил мэдээлэл бүхий биет үндсэн биет хэвээр байна гэх. Хэдийгээр телепортацийн хувьд маргаантай хэдий ч квант механик олон салбарт ашиглагдах төлөвтэй байгаа юм.


Масачусэтсийн их сургуулийн Сэт Лойд квант механикийг ашиглах шинэ аргыг хөгжүүлж байна. Алт, зэсээс бүрдэх квантын компьютер нь бидний мэдэх ердийн компьютерээс тэс өөр боловч төстэй шинж бий. Ердийн компьютерт мэдээллийг 1 болон 0-ийн аль нэгээр илэрхийлэх хамгийн бага нэгж битэд задлан өндөр хурдаар боловсруулалт хийдэг. Тэгвэл квантын компьютерийн бит 0 болон 1-ийг нэгэн зэрэг агуулдгаараа ялгаатай учир нэгэн зэрэг илүү их хэмжээний мэдээлэлд боловсруулалт хийж чадна. Онолоор бөөмийн шинж чанар бүхий атом, электрон юу ч байсан квантын бит болох боломжтой. Квант компьютерийн хүч чадлыг төөрдөг байшингийн жишээгээр тайлбарлаж болно. Хэрэв та байшингаас гарахыг хүсвэл хэтэрхий олон сонголтыг давах хэрэгтэй болно. Сонголт болгоныг нэг бүрчлэн шалгах хэрэгтэй. Олон удаа мухарт тулж, буцаж, заримдаа бүр төөрч байж арай ядан гарцыг олно. Энэ бол уламжлалт компьютерийн мэдээлэл боловсруулах арга юм. Хэдий өндөр хурдтай байлаа ч нэг л замар явах мэт нэг удаад нэг л үйлдэл гүйцэтгэнэ. Хэрэв бүх хувилбарыг нэгэн зэрэг шалгах боломжтой бол арай өөр үр дүнд хүрнэ. Энэ бол квантын компьютерийн зарчим юм. Олон байрлалд нэгэн зэрэг байрлаж чадах бөөмийн шинж чанарыг ашиглан байж болох бүхий л хувилбарыг нэгэн зэрэг шалгаж хариултыг хормын төдийд олно. Хэрэв квантын компьютер бүтээгдвэл хар салхи мэтийн байгалийн нарийн төвөгтэй үзэгдлийг урьдчилан хэлж чадах боломжтой болох магадлалтай.


Орчин үеийн технологийн хөгжлийн үр дүнд шинэ хэлбэрийн хос нүхний туршилт хийгдэж байна. Энэ нь бидний цаг хугацааны мэдрэмжид шинэ эргэлзээ үүсгэх болов. Хос нүхийг чиглүүлэн харвасан электроныг эрдэмтэд ажиглах эсэхээ түүнийг нүхээр гараад дэлгэцэнд хүрэхээс өмнө шийдэж чадах болов. Хэрэв долгион хэлбэрийн электроныг дэлгэцэнд хүрэхээс өмнө ажиглавал электрон бөөм хэлбэрт хувирч, харвах үед бөөм байсан мэт харагдана. Өөрөөр хэлбэл электрон нүхээр гарахаас өмнөх цаг үед буцаж, аль нүхээр гарахаа шийдсэн мэт байв. Хачирхалтай нь электроныг ажиглахаас өмнө түүний байрлал шийдэгдсэн байна гэсэн үг. Ажиглалт нь электроны тухайн үеийн байрлалаас гадна түүний өнгөрсөн цаг үеийн төлөв байдалд нөлөөлж байгаа мэт. Өөр нэгэн гайхалтай зүйл нь хэрэв бөөмийг ямар нэгэн хязгаарлагдмал орчин дотор түгжвэл бөөм байрлал, хурд нь шийдэгдэхээс өмнө хангалттай энерги үүсгэж нисэн гарна гэдэг. Тодорхойгүйн зарчмаар бол байгаль үндсэн бөөмийг түгжихийг зөвшөөрдөггүй байна. Бичил ертөнцийн тодорхойгүй байдал бөөмийн байрлалаар зогсохгүй энергид итгэмээргүй хүч чадлыг олгоно. Бидний өдөр тутмын амьдралд мэдэх жишээгээр бөмбөгийг хангалттай их хүчээр шидэхгүй бол ханыг нэвтэлж чадахгүй. Харин бөөм хангалттай их хүч агуулаагүй байсан ч ханыг нэвтэлнэ. Квантын онолоор бөөм хана нэвтлэхэд шаардагдах энергийг ирээдүйгээс зээлж, хананы цаана гарсныхаа дараа энергиэ буцааж өгдөг байна. Квантын туннелийн нөлөө гэх уг үзэгдэл нь бөөмийг хэд хэдэн байрлалд нэгэн зэрэг оршин байгаа мэт харагдуулна.

Квант механикийн дүр төрх бага багаар тодорхой болсоор байгаа боловч одоогоор шийдэгдээгүй асуудал олон бий. Бөөмийн түвшинд болж буй үзэгдлүүд ямар зарчимаар явагдаж байна. Юуны учир бичил ертөнцөд тодорхойгүй байдал мэдээжийн мэт оршин байна. Бидний бие атомоос бүрддэг ч бичил ертөнцийн адил тодорхойгүй төлөвт орж чаддаггүй. Оршин байх байрлал нь зөвхөн энд л байна. Материйн хэмжээ томрох үед тодорхойгүй байдал үгүй болохын учрыг алдарт Боор ч тайлбарлаагүй орхисон байдаг. Квант механик батлагдсан өнөөдөр ч эрдэмтэд эдгээр асуултын хариуг эрэлхийлсээр байна. Зарим нь одоогоор тодорхойгүй ямар нэгэн нууц харилцан үйлчлэл байгаа юм биш биз гэж бодож байна. Материйн хэмжээ томрох тусам бичил ертөнцийн олон боломжуудаас бидний үл таних ямар нэгэн харилцан үйлчлэлийн нөлөөгөөр зөвхөн нэг нь үлдэнэ. Тэгвэл зарим эрдэмтэд бусад боломжуудыг ор тас үгүй болохгүй гэж үзэж байна. Бусад боломжууд өөр өөр түүхийг бүтээж, бидний ертөнцтэй зэрэгцэн орших өөр ертөнцүүдийг салбарлан бий болгоно. Орчлон ертөнц бидний мэдэхээс илүү том, илүү олон нууцаар дүүрэн хэвээр байна. Гэхдээ квант мехникийг судласнаар бидний ертөнцийг үзэх үзэл өргөжин шинэчлэгдэж байгаад эндүүрэх явдал үгүй билээ.

эх сурвалж; The fabric of the cosmos - Quantum mechanics